Улаанбаатар хотын иргэн Н.Шаравням манай сонины редакцад хандлаа. Түүнтэй нийслэлд хэрэгжүүлбэл зохистой, түгжрэлийг бууруулах системийн талаар ярилцсанаа хүргэе.
-Та яагаад манай сонинд хандах болсон бэ?
-Би ШУТИС-ийн харьяа Компьютер, техник менежментийн сургуулийг электроникийн инженер мэргэжлээр 1996 онд төгссөн. Монгол Улсын жирийн нэгэн иргэн. Яармагт амьдардаг. Харин миний ажил Баруун дөрвөн замд байрлалтай. Өдөрт ажилдаа ирж, очиход дор хаяж дөрвөн цаг зарцуулдаг. Авто замын түгжрэл ихтэй үед бол үүнээс ч илүү зогсдог. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа бүтэн нэг өдрийн зургааны нэгийг хий дэмий түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн үг. Нийслэлд өдөрт 200 мянга гаруй автомашин зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцож, түгжрэлд “хувь нэмэр”-ээ оруулдаг гэх тооцоолол бий. Гэхдээ энэ хүмүүсийг яг үнэндээ үгүйсгэх аргагүй. Хэн хүнгүй л амьдрах гэж явна. Өөрийн тав тухыг бодох нь зүйн хэрэг. Учир нь бидэнд хүртээмжтэй нийтийн тээвэр байхгүй шүү дээ. Автобуснуудыг сүүлийн жилүүдэд л шинэчилсэн болохоос өмнө нь маш хэцүү нөхцөл байдалтай байсан. Дотор, гаднах өнгө үзэмж, үнэр танараас эхлээд хүртээмжгүй байдал нь тэвчээр бардаг. Тиймээс би олон улсад түгээмэл ашигладаг Bus rapid transit буюу BRT үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлээд байгаа юм. Энэхүү системийг 166 оронд ашигладаг юм билээ.
-Хотын удирдлагууд олон жил ингэж ярьсан ч иргэд сайн мэдээлэлгүй хэвээр байна. BRT систем гэж юу болох талаар мэдээлэл өгөөч?
-BRT гэдэг нь төв замын голын эгнээгээр олон хүний багтаамжтай автобусаар хурдан, найдвартай үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн систем юм. Бид өдгөө авто замын нэгдүгээр эгнээгээр автобусаа явуулж байгаа. Харин BRT системийг хэрэглээнд нэвтрүүлснээр автобуснууд нэг бус, гуравдугаар эгнээгээр зорчих юм. Жишээ нь, III, IV хороолол болон Яармагийн замын голд жил бүр тохижилт нэрээр янз бүрийн цэцэг, зүлэг ногоо тарьж, хөшөө босгодог шүү дээ. Тэр зайг ашиглаад зогсоол болгох юм. Зорчигчид хоёр тал руугаа бууж, сууна гэсэн үг. Энэхүү систем нь метроны өндөр хүчин чадлыг автобусны уян хатан байдалтай хослуулж, хямд өртгөөр хэрэгжүүлэх боломжтой шийдэл гэдгээрээ онцлогтой. Хамгийн энгийнээр тайлбарлавал, метро шиг хүчин чадалтай автобус гэсэн үг. Гэхдээ метро болон тусгай замын галт тэргийг бодвол хямд өртгөөр хэрэглээнд нэвтрүүлэх боломжтойгоороо давуу талтай. Улаанбаатар шиг түгжрэлдээ “баригдсан” хотод бол BRT хамгийн зөв шийдэл. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бүрэн боломжтой. Олон улсад ч түгээмэл ашигладаг. Тухайлбал, Колумбын Богата хотод эл системийн ачаар нийтийн тээврийн хэрэглээгээ 62 хувьд хүргэсэн бол автомашиныхыг 15 хувиар бууруулсан байна. Мөн манайхтай хөрш зэргэлдээ БНХАУ-ын Гуанжу хотод ч өргөн ашигладаг.
-Тэгэхээр түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах давуу талтай байх нь.
-Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдол, нийтийн тээврийн хүртээмж өдрөөс өдөрт тулгамдсан асуудал болж байна. Хотын хүн ам 1.5 сая давж, автомашины тоо хэдийн 500 мянгаас хэтэрсэн энэ үед нийтийн тээврийн системийг өөрчлөх шаардлагатай гэж боддог. Хүн тээвэр хүртээмжгүй учраас удаан хүлээлгэдэг гэх мэтчилэн олон асуудал бий. Тиймээс л манайх шиг нөхцөлд хамгийн тохиромжтой нийтийн тээвэр бол BRT гэж ойлгож болно. Улаанбаатарын түгжрэл болоод агаарын бохирдол аль алиныг нь бууруулах давуу талтай. Мөн энгийн автобуснуудыг бодвол багтаамж сайтай. Зарим оронд бидний хэлж заншсанаар урт автобус явуулдаг. Ингэхдээ хоёр бус, гурван залгааг ч явуулж байх жишээтэй. Түүнчлэн цахилгаан, эсвэл хосолмол хөдөлгүүртэй автобус ашигласнаар агаарын бо хирдлыг тодорхой хэмжээнд бууруулж, РМ 2.5 тоосонцрын хэмжээг багасгана. Харин эдийн засгийн хувьд метроноос 10-100, хөнгөн төмөр замаас 4-20 дахин хямд өртөгтэй гэсэн судалгаа, тооцоолол байдаг юм билээ.
-Тэгэхээр BRT-г үйлчилгээнд нэвтрүүлбэл одоо байгаа автобуснуудыг ч солих шаардлагатай гэсэн үг үү?
-Тийм. Зүүн талдаа хаалгатай автобусаар сольж болно. Олон улсад бол хоёр талдаа хаалгатайг ашигладаг.
-Тухайлбал, нийслэлийн ямар байршилд эл үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой вэ?
-Авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явна гэж заасан ч жижиг автомашинууд ороод л таг гацаачихдаг.
Таван шар-Баруун дөрвөн зам, НисэхДолоон буудал зэрэг байршилд эхний ээлжид хэрэгжүүлж болно. Учир нь эдгээр байршлын авто зам гурван эгнээтэй. Хоёр эгнээтэй замд BRT-г хэрэгжүүлэх нь одоогоор тохиромжгүй. Тухайлбал, Нисэх-Долоон буудал чиглэлийн 15 буудалд BRT-тай болсноор хоёр цаг явах газарт 20 минутад очих боломжтой.
-Авто замын голд шинээр зогсоолууд байршуулбал тэр хэрээр түгжрэл нэмэгдэхгүй гэж үү?
-Үгүй. Гурван эгнээтэй замын гуравдугаар эгнээгээр BRT-г явуулна. Эхний ээлжид авто замын голын ногоон байгууламжуудад жижигхэн зогсоол бий болгох хэрэгтэй. Ингэхдээ явган хүний гарцтай зэргэлдээ байршуулбал зохистой. Өөрөөр хэлбэл, иргэд гарцаар гарч, BRT-д сууна гэсэн үг.
-Монголд нэвтрүүлэхэд хүндрэлтэй зүйлс юу байна вэ?
-Нэгдүгээрт, иргэдэд энэ талаарх ойлголт алга. Хоёрдугаарт, Туулын хурдны зам зэрэг том төсөл хэрэгжүүлж буй хүмүүс үүнийг төдийлөн зөвшөөрөхгүй байх. Учир нь BRT-г хэрэглээнд нэвтрүүлбэл зарим том төсөл зогсчихно. Тэгэхээр хийе гэсэн сэтгэл байхгүй л болов уу. Зарим байршилд дэд бүтцийн хувьд хязгаарлагдмал. Энхтайваны өргөн чөлөө зэрэг гол замуудын өргөн хангалтгүй бөгөөд тусгай зурвас бий болголоо гэхэд бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй. Харин Яармаг-Нисэх, Таван шар-Баруун дөрвөн зам чиглэлд эхний ээлжид хэрэгжүүлэхэд ямар ч асуудалгүй.
Хэрэв эл үйлчилгээг Монголд нутагшуулах бол тендер болон санхүүжилтийг нь ил байлгах хэрэгтэй. Мөн олон улсын донор байгууллагуудаас ч туслалцаа хүсэж болно шүү дээ. Түгжрэл хэр их байна, төдий чинээ их мөнгийг үүнд төсөвлөнө. Ямар сайндаа л түгжрэлийн сайд хүртэл томилох вэ дээ. Түүнчлэн олон нийтийн оролцоо хамгийн чухал нь. Тиймээс BRT системийн ач холбогдлыг нийтэд сурталчлан таниулсны үндсэн дээр цаг, хөрөнгө хэмнэх, тав тухтай, цэвэр орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Хотын дарга Х.Нямбаатар автомашины төвлөрлийг бууруулах зорилгоор татвар нэмэх, улсын дугаар хязгаарлах гэх мэт арга хэмжээ авч буй. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгүй байна. Арга барил нь арай л буруу юм шиг санагддаг. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд ч үүнийг анхааралдаа авч, Яармагаас хотын төв хүртэл BRT-гээр 30 минут явах уу, эсвэл хувийн автомашинаараа хоёр цаг түгжрэх үү гэдэг сонголтыг иргэдэд олгох хэрэгтэй.
-Энэхүү саналаа хотын удирдлагууд болон холбогдох байгууллагынханд уламжилж үзсэн болов уу?
-Одоогоор холбогдох байгууллагынханд хандаж үзээгүй. Гэхдээ үүнийг иргэн хүний хувьд юуны түрүүнд олон нийтэд таниулах хэрэгтэй гэдэг үүднээс танай сонинд хандлаа.
У.Цэцэг