 МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийсэн археологийн малтлага, судалгааныхаа үеэр Хүннү, Сяньбигийн завсрын үед хамаарах бунхант булшийг саяхан нээн илрүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан эдгээр олдвор нь Монголын түүхэнд ямар ач холбогдолтой талаар ОХУ-ын Барнаул хот дахь Алтайн улсын их сургуулийн Археологи, угсаатан зүй, музейн тэнхимийн докторантур, эл судалгааны багийн гишүүн П.Эрдэнэпүрэвтэй ярилцлаа.
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийсэн археологийн малтлага, судалгааныхаа үеэр Хүннү, Сяньбигийн завсрын үед хамаарах бунхант булшийг саяхан нээн илрүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан эдгээр олдвор нь Монголын түүхэнд ямар ач холбогдолтой талаар ОХУ-ын Барнаул хот дахь Алтайн улсын их сургуулийн Археологи, угсаатан зүй, музейн тэнхимийн докторантур, эл судалгааны багийн гишүүн П.Эрдэнэпүрэвтэй ярилцлаа.
-Та бүхнийг Хүннү, Сяньбигийн завсрын үед хамаарах бунхант булш илрүүлсэн гэж сонслоо. Нийт хэдэн булш малтан судлав?
-МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээ¬лэнгийн зарим судлаач болон доктор, дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан багийнхан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт археологийн авран хамгаалах малтлага, судалгааны ажлыг өнгөрсөн сарын 3-21-нд амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг дурсгалт газар нь Ерөө сумаас Бугант тосгон хүртэл шинээр тавьж буй авто замын шороон далан доогуур орж, устаж, үгүй болоход тун ойр байсан. Тиймээс бид авто замын ажлыг түр зогсоож, түүхэн дурсгалуудыг судлах, авран хамгаалахаар судалгаагаа эхлүүлсэн юм. Бидний ажлын анхны төлөвлөгөө бол шороон овоолго бүхий үүдэвчтэй, усан татаал шуудуутай, хоёр бунхант булшийг авран хамгаалах байсан. Гэхдээ малтлагын явцад тухайн талбайд шинээр нэг бунхан, хоёр жижиг булш нэмж илрүүллээ. Тэгэхээр нийт таван булш малтан судалсан гэсэн үг. Тухайн газарт дээр дурдсантай адил төрлийн дахиад 30 гаруй булш байгаа. Хамгийн анх энэхүү дурсгалт газрыг бидний багш, багийн ахлагч, доктор Т.Идэрхангай 2019 онд олж илрүүлэн анхан шатны бүртгэл, болоод баримтжуулах ажлыг хийж, судалгааны эргэлтэд оруулсан түүхтэй.
-Эдгээр олдворыг нээн илрүүлэх нь Монголын түүхэнд ямар ач холбогдолтойг болохыг тодруулж хэлээч?
-Энэхүү судалгааг хийж гүйцэтгэж, дээрх олдворуудыг нээн илрүүлснээр Монголын түүхийн бүдэг үеийг тодруулж чадахуйц чухал нээлт боллоо хэмээн олзуурхаж байгаа. Учир нь 1800 орчим жилийн өмнөх Монголын түүхэнд Хүннүгийн дараа Сяньби хүчирхэгжиж, төрт улсаа байгуулсан тухай түүхэн сурвалжуудад их дурдсан байдаг. Гэхдээ тэдний үлдээсэн археологийн дурсгалууд тэр дундаа, булш, оршуулгын дурсгал нь өнөөгийн Монголын нутгаас маш цөөн олдож, судлагдсан. Улмаар зарим судлаач Сяньби гэх улс байсан, үгүйд эргэлзэх болсон юм.
Бид сүүлийн 10 гаруй жил Хүннүгийн улс төрийн төв болоод төвлөрлийг судалж эхэлсэн. Ингэснээр эртний төрт улсуудын дурсгалуудыг давхар хайх, олж илрүүлэх ажлыг ч хийлээ. Үр дүнд нь олон газраас Хүннү болон Сяньбигийн цөөнгүй булш, оршуулгын дурсгал илрүүлсэн. Тэдгээрийн нэг нь энэхүү дурсгалт газар.
Эл дурсгалт газрын онцлог, түүхэн ач холбогдол талаас нь авч үзвэл дээр дурдсанчлан хоёр төрт улсын шилжилт, завсрын үеийг харуулж байна. Энэ хоёр улс нь угсаа гарвал, соёлын хувьд нэгдмэл, хоорондоо шууд угсааны төрт улс байсан гэдгийг оршуулгын зан үйлээс нь тодруулан нотолж буйгаараа чухал судалгаа болсон. Мөн өнөөгийн монголчууд ч тэдний шууд угсааны ард түмэн гэдгийг нотлоход түлхэц болохуйц өндөр ач холбогдолтой судалгаа боллоо.
-Завсрын хэв шинж гэдгийг та илүү ойлгомжтойгоор тайлбарлахгүй юу?
-Булшаа бүтэн тойрсон усан татаал шуудуутай, дээгүүрээ овоолго бүхий шороон товгортой, үүдэвчтэй гэдгээрээ Сяньбигийн бунхант булшны хэв шинжийг агуулж байгаа юм. Гэхдээ оршуулгыг хананд хөмөглөж хийгээгүй шууд дээрээс нь дөрвөлжин хэлбэрээр доош зургаан метр орчим ухаж үйлдсэн байгаагаас нь харахад Хүннүгийн үеийн оршуулгын хэв шинжийг ч агуулж байна. Тэгэхээр Хүннүгийн болон Сяньбигийн үеийн оршуулгын зан үйлийг хоёуланг нь багтаасан байгаа юм.
Ерөнхийдөө таван булшны дөрөв нь тоногдож, анх оршуулсан зан үйл нь эвдэгдэж, сүйдсэн. Харин бидний яриад буй Хүннү болон Сяньбигийн завсрын үеийн хэв шинжийг агуулсан бунхан ганцаараа тоногдоогүй, бүтнээрээ, маш сайн хадгалагдан үлдсэн. Тоногдоогүй бунхны баруун хойд талд шахаж тавьсан ухмал модон австай бүтэн хоёр шарил байсан. Ухмал модон авсны хойд талынхыг бүтнээр нь даавуугаар ороосон бол урдхыг нь ороогоогүй байсан. Авсыг нээхэд шарил бүрэн хувцастай, зориуд тавьсан эд өлгийн зүйлстэй байв. Мөн булшнаас бор шаргал үстэй хүний шарил илрүүлсэн. Түүний биеийг ороосон даавуу, өмсгөсөн дээлийн хэсэг, эсгийний үлдэгдэл зэрэг нь харьцангуй сайн хадгалагдан үлдсэн байна. Бүр нударгатай ханцуй нь ч мэдэгдэхээр. Харин нөгөө авсанд буурал үстэй хүний дээлийн үлдэгдэл, биеийг нь ороосон даавуу, гутал гэх мэт зүйл үлджээ. Бас толгойн доор нь ууттай шар будаа дэрлүүлж тавьснаас тэдний шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзлийг ч харж болохоор байна. Энэ мэтчилэн урьд нь ийм төрлийн булш, оршуулгаас олдож байгаагүй олдворуудыг илрүүлснээрээ нэлээд онцлогтой байлаа. Лабораторийн нарийвчилсан судалгаагаар эдгээр хүний нас, хүйс, бусад мэдээллийг тодруулахаар ажиллаж байна.
Мөн энэхүү булш нь давхар дүнзэн австай. Түүний дотор талд ухмал модон авс бүхий хос оршуулга хийж. Дүнзэн авсны дээд талд 3000 жилийн тэртээх хүрэл зэвсгийн үеийн буюу бүтэн адууг төлөөлүүлж, толгой, эрүүг нь аман болон хатан хүзүүтэй, дөрвөн туурай, сүүлтэй нь тэнэгэр байдлаар тавьж, тахилга үйлдсэн байв. Түүнчлэн тахилын хэсгээс 10 орчим шавар ваар илрүүлсэн. Эдгээр нь Хүннү болон Сяньбигийн үеийн ваарын хэв шинжийг хослуулан агуулжээ. Үүний дотроос ташмаг хэлбэрийн шатаалт сайтай бүтэн ваар илрүүлснээрээ онцлогтой. Яг ийм хэлбэрийн ваар Монголын нутгаас урьд нь олдож байгаагүй. Мөн байрлал зүй буюу аль олдвор нь бунхны аль хэсэгт байгаа зэрэг нь сяньбичуудын түүхийг тодруулах чухал баримт болох юм. Бас хар, хондон зүсмийн бэлгэдлийн хоёр модон морь, сүйх тэрэг нь шүхэртэйгээ, хүний нүүрний дүрс бүхий эдлэл олдсон. Тэрэг жолоодож буй хүний дүрснээс гадна тахилын жижиг модон ширээ зэрэг олон сонирхолтой олдворыг энэ хэсгээс илрүүллээ. Ухмал модон авсны толгой, хөл хэсэгт, бас тагных нь дээр шар өнгийн даавуун дээр хар бэхээр дөрвөн үзүүртэй, голдоо дугуй дүрстэй тамга тэмдэг, эсвэл тухайн овгийн туг, бэлгэдлийг зурсан нь бидний анхаарлыг маш их татаж байгаа.
-Тоногдсон дөрвөн булшийг ч гэсэн судалгаанд ашиглаж болно биз дээ?
-Хэдийгээр дөрвөн булш нь тоногдсон ч мэдээлэл авч болохуйц, олдвор хэрэглэгдэхүүнүүд болон хүний яс, тэр дундаа гавал буюу толгойнууд нь бүгд бүрэн байв. Тиймээс тухайн хүний мэдээлэл, он, цаг, насжилт, хүйс зэргийг тогтоох бүрэн боломжтой. Мөн бүтэн ваар савнууд, хүрэл гүц маягийн аяганууд, үсний хос хатгуур, дээрээ галт шувуу бүхий дүрслэлтэй лаакан аяга, модон морь зэрэг үнэ цэнтэй олдвор нь тонуулчдын гарт үрэгдэж алга бололгүйгээр үлдсэн. Ер нь археологичид тухайн дурсгалыг тоногдсон, эсэхээр нь ялгаж үздэггүй. Бүгдийг нь малтан судалж, ширхэг чулуунаас ч түүхийн үнэ цэнтэй мэдээллийг олж авдаг.
-Тэгэхээр эдгээр булшнаас Хүннү болон Сяньби нь угсаа гарвал, соёлын хувьд ижил төстэй төрт улс байсан гэж ойлгож болох уу?
-Эл дурсгалт газар нь бидний өвөг дээдэс Хүннү болон Сяньбигийн үеийн оршуулгын зан үйлийн завсрын буюу шилжилтийн үеийг харуулснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, уг хоёр эртний улсын хоорондын залгамж холбоо цаашлаад тэднийг хоорондоо угсаа болон соёлын хувьд ижил төстэй төрт улсууд байсныг тод гэрчлэх шороон овоолго бүхий бунхант булшнууд гэсэн үг.
-Ерөө сумд авто зам шинээр тавьж буйтай холбоотойгоор эдгээр дурсгал сүйдэхэд тун ойрхон байсан гэж та хэллээ. Энэ нь археологийн үнэт олдворуудыг илрүүлэхэд хүндрэл учруулав уу?
-Судалгааны явцад хүндрэлтэй зүйлс төдийлөн тулгарсангүй. Манай багийнхан өмнө нь 2-3 газарт 10 гаруй ийм төрлийн бунхант булш малтсан туршлагатай. Тиймээс харьцангуй хурдтай гүйцэтгэж дуусгасан байх. Энэхүү дурсгалт газар 50 орчим булш бий. Тиймээс энэ газрыг дээрэмчин тонуулчдаас хамгаалж, аймаг, улсын хамгаалалтад нэн даруй авах шаардлагатай байна
-Малтлага болон судалгааны явцад археологичид олон сонирхолтой олдворыг илрүүлдэг. Гэвч эдгээр олдворын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах үйл ажиллагаа нь хангалтгүй. Иймд эдгээр олдворыг цаашид олон нийтэд дэлгэн үзүүлэх талаар ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Олдворуудын хадгалалт, хамгаалалтын хувьд дундаж гэж хэлнэ. Олдворуудыг сэргээн засах цаашлаад музейн үзвэр болгох, лабораторийн судалгаа хийх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн лабораторид хүргүүлсэн. Тиймээс харьцуулсан судалгаа, лабораторийн ажлуудыг шат дараатай хийсний дараа шинэ мэдээ баримтаар баяжуулж, судалгааны эргэлтэд оруулснаар олон нийтэд илүү дэлгэрэнгүй байдлаар хүргэнэ.
Археологийн малтлага судалгааг ганцаараа хийх боломжгүй. Баг болоод мэргэжлийн хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд бий болдог ажил. Тиймээс энэ удаагийн малтлага, судалгаанд Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллалаа. Тэдгээр булшнаас гарсан модон болон органик эдлэлүүдийн хадгалалт, хамгаалалт болоод газар дээр нь сэргээн засварлах, сав баглааг бэлтгэх чухал ажлыг тэд хийж гүйцэтгэсэн. Мөн манай судалгааны багт ШУА-ийн түүхийн хүрээлэн, Монгол цэргийн болон Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Төв аймгийн музей зэрэг байгууллагын эрдэм шинжилгээний ажилтнууд болон мэргэжлийн археологичид хамтран ажилласан юм. Судалгааны багийн цар хүрээ, ажлын чанар хэр түвшинд явсныг эндээс харж болохоор байгаа биз.
У.Цэцэгсүрэн
 
                     
                     
                    
 
                     
                     
                     
                     
                     
                     
                             
                             
                             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            