Каннын 75 дахь удаагийн кино наадам энэ сарын 17-28-нд болно. Тус наадмын “Алтан дал мод” шагналын төлөө АНУ-ын найруулагч Жеймс Грэйн “Armageddon time”, Шведийн Тарик Салегийн “Boy from heaven”, Японы Корэ-Эда Хироказугийн “Broker” тэргүүтэй 12 улсын шилдэг найруулагчийн 18 бүтээл өрсөлдөнө. Тэдгээрээс “Triangle of sadness”, “Broker”, RMN, “Tori and Lokita” зэрэг нь өмнө нь “Алтан дал мод” шагнал хүртсэн найруулагч нарын шинэ бүтээл аж. Тодруулбал, Шведийн найруулагч Рубен Остлунд 2017, Японы найруулагч Корэ-Эда Хироказу 2018, Румыний найруулагч Кристиан Мунжиу 2013, Бельгийн найруулагч Жан Пьер Дарден болон Лук Дарден нар 2015 онд Каннын кино наадмын үндсэн шагнал болох “Алтан дал мод”-ыг хүртэж байв. Тус наадмын үеэр “Un certain regard” шагналыг мөн олгодог. Өнөө жил эл шагналын төлөө 15 бүтээл өрсөлдөнө. Наадмын зүгээс дэлхийн өөр соёл бүхий улс үндэстнүүдийн шилдэг бүтээлүүдийг олон улсад таниулах зорилгоор эл шагналыг олгодог бөгөөд 30 000 еврогийн урамшуулалтай юм.
А зэрэглэлийн эл наадмын үеэр алдартай кино найруулагч нар шинэ бүтээлээ толилуулж, үзэгчдэд анхлан хүргэдэг. Энэ жил Каннын кино наадмын үеэр жүжигчин Том Крузийн 1986 онд гол дүрд нь тоглосон “Top Gun” киноны үргэлжлэл болох “Top Gun: Maverick”-ийн нээлтийг хийнэ. Мөн Том Крузд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах аж. Түүнчлэн найруулагч Брет Моргены алдарт дуучин Дэвид Боуигийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино, рок-н-роллын эцэг гэгддэг домогт Элвис Прэслийн тухай “Elvis” бүтээлийн дэлхийн нээлтийг энэ үеэр хийнэ. Мөн өөр 12 улсын шилдэг найруулагчийн шинэ бүтээлийг наадмын үеэр толилуулах гэнэ.
А.Тайшир