Бүгд Найрамдах Латви Улсын Елгава хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Олон улсын мөсөн баримлын тэмцээнээс монгол тамирчид мөнгөн медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд Чех, Нидерланд, Украин, Польш, Литва, Индонез, Монгол зэрэг 12 орны 32 шилдэг мөсөн сийлбэрч ганцаарчилсан болон багийн төрөлд “Эртний бурхад” сэдвийн хүрээнд өрсөлдсөн байна. Сийлбэрчид долоо хоногийн хугацаанд 80 тонн мөс ашиглан янз бүрийн домогт дүр, эртний бурхдаас санаа авч 65 бүтээл туурвижээ. Ингэхэд Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг шүүгчдээс өндөр үнэлгээ авч, хоёрдугаар байрт орсон аж. Дэлхийн шилдэг сийлбэрчдийн дунд 24 дэх удаагаа болсон тус тэмцээнийг өнөө жил Янис чаксте өргөн чөлөө, Паста арал, “Митава” задгай театр гэсэн гурван байршилд урлаг, соёлын бусад арга хэмжээтэй нэгтгэн өргөн хүрээнд зохион байгуулсан гэнэ. Тэмцээн дууссаны дараа сийлбэрчдийн бүтээлийг нийтийн эзэмшлийн талбайд байршуулж, төлбөртэйгөөр үзүүлж эхэлжээ.