Дэлхийн өнцөг булан бүрээс ур чадвараараа шалгарсан мото спортын тамирчид энэ сарын 30-нд эхлэх хард эндуро төрлийн “Дэлхийн цом”-ын таван цуврал уралдаанд тоос өргөх нь. Долоон сарын хугацаанд үргэлжлэх дээрх цувралд Монголоос “Jarvis racing” багийн тамирчин, улсын таван удаагийн аварга П.Төрбат залуучуудын ангилалд хурд сорих юм. Тамирчид “Redbull erzberg rodeo” нэрт хоёр гарааг Австри улсаас эхлүүлж, “X ross hard enduro rally” буюу гурав дахийг нь Сербид үргэлжлүүлнэ. Харин “Redbull romaniacs” буюу дөрөв дэх нь Румын, “Sea to sky” нэртэй тав дахь гараа нь Туркт болох нь. “Hixpania” буюу зургаа дахь гарааг нь Испанид өрнүүлэхээр болжээ. Тэгвэл Индонезэд болох “Hiu selatan” уралдаанд манай тамирчин урилгаар оролцох аж. Тэрбээр өмнө нь Туркт зохион байгуулсан “Sea to sky-2022” тэмцээнд 400 гаруй тамирчинтай өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртэж, Монголын мото спортынхон хэр авьяас, чансаатайг олон улсад харуулсан билээ.