Энэ удаагийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Сент-Люси улсын гүйгч Ж.Альфред түрүүлж, улсынхаа түүхэнд олимпоос анхны медалийг хүртлээ. Тэрбээр финалд 10.72 секундийн амжилт үзүүлсэн. Тэгвэл мөнгө, хүрэл медаль хүртсэн АНУ-ын гүйгч Ш.Ричардсон, М.Жефферрсон нартус бүр 10.87, 10.92 секунд хурдалжээ. Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй хэмээх алдрыг өөрийн болгосон Жюльен олимпын аварга болсныхоо дараа ийнхүү ярьсан байна.
•Энэ ялалтаа би 2013 онд тэнгэрт хальсан аавдаа зориулж байна. Тамирчны хувьд хамгийн том тайзан дээр замналынхаа хамгийн шилдэг амжилтаа үзүүлснийг аав минь харж чадаагүй ч охин нь олимпод оролцож түрүүлсэнд үргэлж бахархаж явах байсан биз ээ.
•Би өглөө босоод “Жюльен Альфред, олимпын аварга” гэж дэвтэрээ бичсэн. Тийм болохоор өөртөө итгэх нь ялалт байгуулахад их чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Мөн Усайн Болтын гүйлтийн бичлэгүүдийг өглөө үзсэн. Худлаа хэлээд яах билээ, би үнэндээ түүний гүйлтийн техникийг дуурайхыг хичээдэг.
•Багадаа би улсынхаа анхны олимпын медальтан болохыг хүсдэг байсан. Бүр анхны алтан медалийн эзэн болох юм сан гэж мөрөөддөг байлаа. Гэвч тухайн үед надад пүүз байгаагүй учир хөл нүцгэн, сургуулийнхаа формтой хаа сайгүй л гүйж явдаг байсан. Бидэнд шаардлагатай хувцас, хэрэгсэл огт байгаагүй. Цэнгэлдэх хүрээлэн маань эвдэрхий. Энэ спортыг цаашид хөгжүүлэхийн тулд манай улс шинэ цэнгэлдэх хүрээлэн барихад алтан медаль маань түлхэц болно гэж найдъя.
•Эх орныхоо элч төлөөлөгч болсон мэт санагдаж байна. Хүмүүс манай улсыг сайн мэдэхгүй учраас хаана байдаг вэ гэж байнга асуудаг. Миний ачаар дэлхий даяараа улсын маань талаар мэддэг болсон нь сайхан санагдлаа.
Ж.Альфред (23 нас) бол 2024 оны танхимын дэлхийн аварга (60 метр) бөгөөд сүүлийн жилүүдэд ойрын зайд тогтмол дээгүүрт бичигдэж ирсэн топ түвшний гүйгч юм. 2023 оны ДАШТ-ий 100 метрийн зайд тав, 200 метрийн зайд дөрөвдүгээр байр эзэлж байв. Жюльен зөвхөн амралтаараа эх орондоо очдог бөгөөд сүүлийн 10 гаруй жил АНУ-д амьдарч, Техасын их сургуулийг төгссөн. Мөн Үндэсний коллежийн хөнгөн атлетикийн холбоо (NCAA)-ны од тамирчдын нэг байв. Түүнийг Америкийн спринтын шилдэг сургалтаас төрж гарсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм.
Эцэст нь өгүүлэхэд, Сент-Люси бол Карибын тэнгист оршдог, 190 мянга орчим хүн амтай улс. Тус улсаас Парист гурван тамирчин ирснээс усанд сэлэлт, далбаат завины төрөлд оролцсон тамирчид нь эхний шатнаас хасагджээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар