“MGL darts” клуб, “Уужим од” ХХК, “Winmau team 360” багийн гишүүн, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Х.Тэргэл Өсвөр үеийн дартсын корпорацаас Англи улсад ирэх амралтын өдөр зохион байгуулах “Junior power league-2025” болон “JDC advanced tour-2025” тэмцээнд улсаа төлөөлж оролцоход бэлэн болжээ. Дээрх цуврал тэмцээнд ур чадвараа сорих түүнийг тус улсыг зорихын өмнө PPP MGL компанийн ерөнхий захирал Б.Баярбат ивээн тэтгэж, хүлээн авч уулзсан байна.
Тус тэмцээний дараа тэрбээр ирэх сарын 15-16-нд эхлэх дээрх цувралын 5-8, дөрөвдүгээр сарын 5-6-нд болох 9-12 дахь тоглолтод оролцоно. Мөн тавдугаар сарын 17-18-нд зохион байгуулах 13-16, зургаадугаар сарын 14-15-нд болох 17-20 дахь тоглолтод өрсөлдөх нь. Финалын шатны тэмцээн зургаадугаар сарын 28-29-нд болж, лигийн аваргыг тодруулах юм. Түүний хувьд Англи улсад таван сарын турш байрлаж, нийт 20 цуврал тэмцээнд оролцох аж.
Х.Тэргэл нь “JDC world darts championship 2024” тэмцээний хүрэл медальт, “JDC world cup of darts” тэмцээний хошой хүрэл медальт, “JDC advanced tour 2024” тэмцээний чансаанд эхний 10 байрт бичигдсэн тамирчин юм.