Төгсгөл. Түрүүч нь ¹131 (8195)
Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор О.БАТСАЙХАН
Ордны дотор их буу гурван удаа тавьж, нижигнэн түжигнэхэд ордны дотор байсан зарим аймтгай шадар хүмүүс нь цочиж уулга алдаж бархирна. Энэ уулга алдах гэдэг нь үнэнгүй худал бөгөөд Богдод таалагдахын арга болно. Богд, эх дагинын хамт Очирдара гэдэг дуганд ороод хойш явж төрийн ордонд орж очив. Төрийн ордонд бараалхан орох эрх бүхий ихээхэн хутагт хувилгаад, хан, ван, бээл бээс гүн, засаг тайж нар цөм дагалдан орцгоов. Эрх, хувьгүй түшмэл, бичээс над дэмий л гадна хүлээн чичирч, төрийн ордны үүдэнд хүрч юм үзэх гэх ба ийш тийш явъя гэвч, бургас мод барьсан хаалгач лам, цагдаа нар хориглож донгодох ба бургас модны хишиг хүртэх учир явж хөдөлж чадахгүй, ямар ч хэрэггүй дэмий чичрэлдэн, хэзээ ёслол тарахыг хүлээж байх нь тэр үеийн дээд, доодын эрх тэгшгүй байдал илэрхий мэдэгдэнэ.
Анваан, мөнөө түшмэл, бичээч нарын хамт даарч, чичирч, юм үзэх, сонсохсон гэж өндөлзөн байтал төрийн ордноос хуучин хүрээний монгол сайд байсан бэйс Пунцагцэрэн гартаа нэлээд том бичиг барьж ирээд хишиг тараах зарлиг буув гэж өндөр дуугаар хэлнэ. Мөнөө түшмэл, бичээч зэрэг хар лам хүмүүс цөм чимээ аниргүй болон сөгдөнө. Бээс Пунцагцэрэн тэрхүү хишиг тараах зарлигийг уншиж л байв. Үг нь ер тодорхой сонсдохгүй, чинээгээрээ чих тавьж сонсвол: Богдыг Монгол Улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн, Цагаан дарыг улсын эх гэж өргөмжилж, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв Нийслэл Хүрээ болгон Монгол Улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг явуулав хэмээжээ.
Хурц Магсаржав бичихдээ: “Монголын төрийн орд, Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүүх таван яамны байгуулалтыг урьдаар засацгаан бэлтгэхэд төв гэрүүдийг цөм монгол гэр үйлдэн байгуулаад”, “Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилсөн нь олон монголчуудын итгэж бишрэх нийтийн санаанаас гарсны тулд улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн хэмээн нэрийдсэн Монголын цагаагчин гахай жил, европын 1911 оны Олнаа өргөгдсөний тэргүүн он болгон тогтоов” хэмээсэн буй.
“Монголд Богд гэгээнийг хаан ширээнд залсан их цог бадарсан өдрийн 11 цагт бид амьдралдаа анх удаа хэсэг монгол цэрэг айсуй ирж явахыг үзлээ. Тэд 80 хүнээс бүрдсэн морин цэргийн анги ажээ. Тэд монгол цэргүүд зул асааж… 12 цаг нэгминутад цөм нэгэн хүн мэт өвдөг сөгдөн гурвантаа мөргөж буу буудан ёслов” хэмээн Оросын худалдаачин Корнакова бичжээ. Тэрээр цааш өгүүлэхдээ Ерөө голын сав газраар оршин суугаа монголчууд Богд гэгээн бүх Монголын хаан ширээнд залран суух мэдээ авмагцаа “баярын нулимс асгаруулан мөргөж билээ” хэмээн тэмдэглэжээ.
Мөн түүнчлэн Харбинский Вестник сонин бичихдээ: “Богд гэгээнийг хаан ширээнд заларсан өдрийн 12.00 цагт “Хиагтын хилийн дагуух монгол хилчид Маймаачин дахь гэсэр сүмд очиж шинэ хаандаа мөргөх ёслол хийв. Монголын ард түмний буман наст хааны залрах ширээ хэмээсэн үгийг алтаар бичсэн нэгэн бага самбар тавиад өмнө нь хүж асаан … есөнтөө мөргөцгөөлөө” хэмээжээ.
Энэ бол 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд төр улс, тусгаар тогтолоо сэргээн тунхаглаж, бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтаа Монгол Улсын Эзэн хааны ширээнд өргөмжилсөн хамгийн том Бат-Оршил өргөх ёслол болсон билээ.
ТЭМДЭГЛЭЖ ИРСЭНУЛАМЖЛАЛААС
Архивын эх сурвалжид тэмдэглэснээр бол “Богд эзэн хааныг анх суурин дор залж тулгар төр нээсэн өдрийг жил бүр тохиолдох тухай дор тансаг хурал хурж, чухал буян үйлдэх”-ийн чухлыг тэмдэглэж, “одоо үүнээс хойш жил бүр өвлийн дунд сарын шинийн есөн дор нийтээр даншиг хурал хурах ба бурхан шүтээн дор зул хүж тахил тавиглал өргөж, өөр өөрийн хэр чинээгээр ном буяныг үйлдэж, ерөөл хутгийг гуйн нигүүлсэхүй сэтгэлээр аливаа амьтны амийг аварсугай” хэмээн 1912 онд зарлиг гарсан байна.
1912 оны арванхоёрдугаардугаар сард тусгаар тогтнолоо сэргээж, хутагтыг эзэн хаанд өргөмжилсний ойд зориулсан төрийн ёслол болж, энэ өдөр Богд хаан, хатны хамт алтан сүйхээрээ хотын ордон руугаа зочилж, улмаар түүнийг ард олон замд нь өвдөг сөхрөн хүндэтгэж, хүрч ирмэгц нь өндөр дээд лам нар угтан авч, төрийн ордонд залсан тухай Коростовец тэмдэглэжээ.
1912 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн жил бүр энэ өдрийг улсын баяр болгон тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн Ардын Намын Төв Хорооноос улсын баяр ёслолыг шинэчлэн явуулах санал гаргасны дагуу Монгол Ардын засгийн газрын шийдвэр гарч, “улсын баярын ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” хэмээн тогтсон байна.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Манжийн эрхшээлээс Монгол гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулж, бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Эзэн хаанаар өргөмжилсөн төрийн ёслолыг бүх монгол овогтны төлөөллийг оролцуулан Нийслэл хүрээнд өргөн дэлгэр хийж, орчин үеийн Монголын шинэ үеийн эхлэлийг тавьсан байна.
Улмаар Богд хааны зарлигаар Монголын түүх, Монголын хууль болон Монголын үндэстний амин шалгуур болсон үнэт зүйлсийг сэргээн хэрэгжүүлж, мөрдүүлж эхэлсэн байдаг. Үүний дотор олон хуулийн адил Бат-Оршил өргөх ёслолын хуулийг ч мөн баталж мөрдүүлжээ. Эл хуульд “Жил бүр зуны цаг олон аймаг шавь нар хамт нийлж Бат-Оршил өргөхөд Нийслэл хүрээний Эрдэнэ шанзудба нарын газраас сайн өдрийг сонгон үзүүлж соёрхол айлтга” хэмээн заасны дагуу жил бүр зуны сүүл сард гол төлөв Нийслэл хүрээнээ Богд Жавзандамба хутагтад Бат-Оршил өргөх ёслолыг явуулж байжээ. Энэ нь гол төлөв наймдугаар сарын эхээр тохиож байжээ.
Богдын даншиг буюу БогдЖавзандамба хутагтадБат-Оршил өргөхёслол хэрхэн явагддаг байсан талаартовчөгүүлье.
Богд Жавзандамба хутагтад Бат-Оршилыг жил бүр зуны сүүл сард өргөх бөгөөд өргөх сайн өдрийг Нийслэл хүрээний Эрдэнэ шанзудбын газраас сонгон үзүүлж урьдаас зарладаг байна. Гол төлөв Цагаан сарын дараахан зун Бат-оршил өргөх өдрийг сонгон зарлаж байсан тухай зарим зохиолд дурдсан байдаг.
Монгол Улсын аймгуудын засаг ноёд, халхын дөрвөн хан, чуулган дарга, жанжин, тайж нар цөм ирж оролцох учиртай, хэрэв шалтаг заан оролцохгүй байх аваас шийтгэлтэй байжээ. Энэ бол Богдод Бат-оршил өргөх ёслол нь Богд Жавзандамба хутагтын институцыг баталгаажуулдаг албан ёсны зүйл байсны илэрхийлэл юм. Засаг ноёдууд өөр өөрсдийн харьяат түшмэдийн хамтаар ирэхээс гадна өөр өөрсдийн аймаг, хошууны төлөөлөл болсон шилдэг бөх, морьд, харваачдаа авч ирдэг байна.
Бат-Оршил өргөхийн урьд аймаг, хошуудаас Бат-Оршил өргөхөд хэрэглэх элдэв зардал мөнгийг Богдын Шанзудбын яаманд тушааж, бэлтгэдэг байна.
Бат-Оршил өргөхийн урьд өдөр Богд Жавзандамба хутагтад Бат-Оршил өргөх өдөр цагийн мэдээг аймаг, шавь таван газрын төлөөлөгчдөөс нэг хүн хүргэдэг байна.
Бат-Оршил өргөх ёслолын өглөө Нийслэл хүрээний Цогчин их дуганд олон лам нар хурал хурж, товлосон сайн цагт Богд Жавзандамба хутагт төвийн шар ордноос гарч, их дуганд залардаг байна. Богд Эзэн хааныг Цогчин их дуганд орж, гарахад олон сайд, ноёд, өндөр зиндааны лам нар жагсан угтаж, үддэг байна.
Төвийн шар ордноос заларч ирсэн Богд Эзэн хаан, Улсын эх дагинын хамт Их дуганы хойд талд төв суудалд суусны хойно дөрвөн хан, Хүрээний хамба, шанзудба нар их мөнгөний мандал өргөж, цогчны умзад нар цомбо (хурал хурахдаа мандал дээр тариа зэргийг овоолохыг цомбо байгуулах гэдэг ажээ) байгуулж, мандал өргөх ном уншдаг байна.
Их мөнгөний мандал гэдэг нь мөнгөөр үйлдсэн тахилын хэрэглэл дээр тариа овоолж, өргөдөг зүйл юм. Богдын даншигт өргөдөг мандал нь мянган лан (1 лан нь 30 орчим грамм жинтэй) буюу 30 орчим кг орчмын хүнд тул дөрвөн хүн дамнан явдаг байсан гэдэг.
Эзэн Чингис хааны алтан ургийн Халхын дөрвөн ханы нэг нь өвдөг сөгдөн Богд Жавзандамба хутагтын насан хутаг бат болох ерөөл тавьдаг байна. (Магсаржав 2010: 338)
Алтан ургийн ханы ерөөл төгсмөгц Халхын дөрвөн ханаас эхлэн хамба номун хан, тэргүүн сайд, ноёд, эрдэнэ шанзудба, олон ван, гүн, томоохон лам нар Богд Жавзандамба хутагтад хадаг өргөж, мөргөн таван өнгийн хадгаар уясан мөнгөний мандал нэг, алт алтадсан мөнгөн аюуш бурхан нэг, алтан үсгийн цэнд ном, алт алтадсан мөнгөн суварга нижгээд, шар магнаг олбог түшмэл, хан төрийн долоон эрдэнэ, зааны соёо, зүйл бүрийн торго, элдэв төрлийн амттан гэх мэтээр нийтдээ 90 гаруй зүйлийн юмыг цувуулан барьж өргөдөг уламжлалтай байжээ. Хамгийн сүүлд Богдод хоёр алдын их шар цагаан хадаг өргөн цуваа дуусгадаг байна.
Ийнхүү Богдод мандал өргөхөд Тэргүүн сайд, түшмэд, ноёд, лам нараас гадна хатад, хүүхдүүд хүртэл ордог байжээ. Богд Эзэн хаанд мандал өргөсний дараа Богд Эзэн хааны урд талд эхний эгнээнд сайд нар, хан, ноёдууд, лам нар, ард нь бичээч, хатад, хүүхдүүд Богдод мөргөөд мөн ар талд суудаг байна. Мөн түүнчлэн хуульд заасан ёсоор Даншигт барилдах бөхчүүдийг мөн Богд Эзэн хаанд мөргүүлдэг байжээ.
Бат-Оршил өргөсөн аймаг, шавийн олон ноёд, түшмэдэд тусгайлан Богд Эзэн хааны хишиг хүртээдэг байна.
Богд Эзэн хаанд мандал өргөж, дуусмагц Богд гэгээнд зоог, тахилын идээ бэлтгэн Богд Эзэн хаан, эх дагина нарт цай, айраг, тараг идээний дээжийг ёслон өргөдөг байна. Нийтдээ 125 тавгийн идээ, мах зургаан тавгийг бэлтгэж, ёслолд оролцсон хүн бүрдхүртээдэг байна. Ийнхүү бүгд идээ цагаа хүртэн хуримлаад Богд Эзэн хаан хатныхамт төвийн шар ордноо эргэн заларснаар Бат-Оршилын ерөөлийн хурал өндөрлөдөг байжээ.
Энэ бол Богдод Бат-Оршил өргөх ёслолын эхлэл бөгөөд хамгийн хүндтэй хэсэг нь болно.
Богдын Бат-Оршил өргөх ёслолд түмэн лангийн даншиг, мянган лангийн зоогийг өргөх ёстой гэсэн үг гарсан байдаг нь түүхэн бодит уламжлалаас гарсан үгс байсан болов уу.
Үүнээс гадна Богд Жавзандамба хутагтын шавь нар Богдод тусгай Бат-Оршил өргөдөг журамтай байсан байх бөгөөд эл тусгай Бат-Оршилын үеэр Их Мандалыг Хүрээний хамба номун хан, дэд хамба, эрдэнэ шанзудба, да лам нар хамтдаа өргөж, Богдын насан хутаг бат болох ерөөлийг Эрдэнэ шанзудба айлтгадаг байжээ.
Ийнхүү Богд Эзэн хаанд Бат-Оршил өргөсний дараа Богдын төвийн шар ордны өмнөх талбайд Богд Эзэн хаан, төрийн сайдууд, халхын дөрвөн хан, эх дагина нарт зориулсан тусгайлан асар майхан барьж, Бат-Оршил өргөсөн баярын ёсоор бөхийн барилдаан эхэлнэ. Богдын Бат-Оршил өргөх ёслолын бөхийн барилдаан наймхоног үргэлжлэх бөгөөд ноёд, лам нарт зориулсан олон асар байхаас гадна Бөхийн оноо бичих ноёд түшмэдийн суух хөх бөсийн асар, Өмнө этгээд цамхгийн дотор бөхийн хөл шүүмжлэх түшмэлийн суух хөх бөсийн асар нэг байжээ.
Энэхүү “Бөхийн оноо бичих ноёд түшмэд” гэдэг нь одоогийн гарын даа гэдэг нэртэй буй хүмүүс болов уу, харин “Бөхийн хөл шүүмжлэх түшмэл” гэдэг нь өнөөгийн цэцдийн зөвлөл гэж нэрлэж буй нэг ёсны шүүгч нар буй за. Бөхийн хөлийн түшмэл нь бөхийн барилдах, давах, үсрэхийг нарийн нягт харж шүүдэг байна.
Бөхийн оноо бичихдээ баруун, зүүн гар хувааж, баруун хоёр аймгийн бөхчүүдийг баруун тал, зүүн хоёр аймгийн бөхчүүдийг зүүн тал болгон хуваан оноолгон барилдуулдаг байна.
Бөхийн барилдаан үзэхээр Богд хааныг залрахад шадар цэрэг жагсаж, цэргийн хөгжим үүсгэдэг болжээ. Бөхийн оноо дансыг түшмэд авч, Богдод айлтгаж, “За” хэмээн зөвшөөрсөн хариу аваад бөхийн барилдааныг эхлүүлдэг нарийн журамтай байжээ. Богдын Бат-Оршил наадам, бөхийн барилдааны тухай Норвегийн нэрт аялагч Оксар Мамен “Дэлхийн хаана ч монгол бөхийн барилдааны үзүүлбэр үзэгчдийг суудал дээр нь өндөлзүүлнэ гэдэгт би итгэлтэй байдаг” хэмээн бичиж, Монголын соёл, монголчуудад ямар их дуртай болохоо илэрхийлсэн байдаг.
Морины уралдаан, бөхийн барилдаан, нум сум харвах гээд монгол наадмын гайхамшигийг магтан дуулсан Оскар Мамены тэмдэглэлийг өнөөгийн монголчууд унших аваас нүдийг нээж, сэтгэлийг баясгах болно гэдэгт эргэлзэхгүй байна.
“Монгол спортын бүхий л наадам нарийн дэг журамтай зохион байгуулалт төгс болдог. Бүх зүйл цагийн зүү шиг жигдхэн өрнөнө. Олон зууны турш уламжилж, улс үндэстний зүрх сэтгэлд шингэсэн, нэн эртний бөгөөд төгс төгөлдөр хууль байгаа нь дамжиггүй юм” гээд “Шүүгчид өвөр зуураа хэрэлдэн маргах нь огтхон ч үгүй бөгөөд олон тооны өрсөлдөгчдийн зүгээс нэгээхэн боловч эсэргүүцэл үл гарна. Энэ талаар барууны орнууд монголчуудаас суралцах зүйл арвин буй” хэмээн Оскар Мамен бичсэн нь өнөөгийн бидэнд нэгийг бодогдуулна.
Магсар хурцын түүх болон бусад сурвалжид бичсэнийг үзвэл Богдын Бат-Оршил өргөх ёслолын бөхийн барилдаанд 1088 бөх барилдсан тухай бичжээ. 11 давж түрүүлсэн бөхөд арслан цол, дараа бөхөд заан цол, шөвгөөс дээш начин зэрэг цол шагнадаг байжээ. Бат-Оршил наадамд хоёр түрүүлбэл аварга цол олгодог байжээ. Гурваас дээш түрүүлбэл дархан аварга цол шагнаад Бат-Оршил өргөх удаа бүр барилдвал түрүүлсэн, эссэнийг харгалзахгүйгээр түрүү бөхийн бай шагнал олгодог журамтай байжээ.
Түүхэнд тэмдэглэснийг үзвэл Богдын шавь, Галын голын отгийн Гэлэгсэнгээ аварга, Дугар аварга хэмээх ах дүү хоёр хүчтэй бөх байжээ. Мөн Чин ван Ханддоpжийн хошуунаас Богдын шавьд өргөсөн Гомбо аварга, Намхай аварга гэдэг бас ах дүү хоёр хүчтэн байсныг тэмдэглэсэн бий.
Бөх барилдаж төгсөхийн зэрэгцээгээр бай нэхий харвах тэмцээн болдог байна. Мөн сур харвадаг байсан тухай сурвалжид тэмдэглэсэн бий.
Энэ бүхэн Нийслэл хүрээнд болж буй Богдын Бат-Оршил өргөх ёслолд зориулсан бөхийн барилдаан болон бусад тэмцээн уралдаан билээ.
Ийнхүү наймхоног Богдын шар ордны өмнөх талбайд бөхийн барилдаан болсны дараах өдөр Хүй голын баруун талд Магнаг толгойн энгэрт Богд Жавзандамба хутагтын өргөө, шар, хөх торгон бүрээс бүхий монгол өргөө гэрүүдийг төв дунд байгуулж, тойруулан тэргүүн сайд, хан, дөрвөн аймгийн чуулган дарга, ноёд, лам нарын асар майхнуудыг Хүрээний шар ордоны өмнө зассантай адил засдаг байна. Зөвхөн бөхийн онооны хоёр асрын оронд уралдсан морийг шүдэлж цуваа данс үйлдэх түшмэд бичээч нарын суух асар барьдаг байна. Морины наадмын газраас баруун зүг нэгэн толгой дээр Богдын гоёмсог эрээн майхнуудыг мөн жагсаан барьдаг байжээ.
Морины наадамд эхэн үедээ их нас, соёолон, хязаалан гурван насны морьд уралддаг байсан бол VIII Богдын үед азарга, шүдлэн, даага нэмэгд сэн байна. Бас жороо морь уралдах болжээ.
Долоон худгийн зүг их замаар нас насны зэргэлээгээр газрыг хэмжиж, овоо тэмдэг босгон шавар шавхай, эрэг нүх бүхий газарт бургас мод хатган урьдаас нүдэнд үзэх тэмдэг босгодог байна. Богдын сангаас хурдан морь унасан хүүхэд, унах буюу ам цангах болзошгүй гэж дөрвөлж, араг хөхүүртэй айраг ачсан тэмээдийг морь уралдуулах замын хажуугаар явуулж, морь эргэх газарт хүрээд хүүхдийг буулган, морины олмыг чангатган татаж, айраг уулган мордуулдаг байжээ. Энэ нь одоогийн бидэнд сургамжтай хэмээн бодно.
Богд Эзэн хаан болон сайд, ноёд, лам нар морины наадмын газар ирж, өөр өөрсдийн асар, майханд суудалдаа залармагц Богд хааны асрын өмнө лам нар их сан тавьж, ном уншдаг байна. Хурдан морь унасан олон хүүхэд их сангийн дэргэд ирж, мориноос буугаад гартаа ташуур барьсаар ирж, Богд Эзэн хаанд мөргөөд мориндоо мордон, наадамчдын олон асрыг гурвантаа тойроод Богд Эзэн хааны морьдыг уяж зассан даамал зайсан лам алтан малгай шар торгон хүрэмтэй өндөр их шар торгон далбаа барьж хамгийн түрүүнд удирдан, араас бусад хошуудын морьд өөр өөрсдийн өнгө бүхий далбаа барьсан жинс отготой малгай хар торгон хүрэм өмссөн түшмэл дагалт нар ноёдын зэрэг дэсээр жагсан явдаг байна. Морьд зурхайн зүг хөдөлж байгаа хэрэг.
Зарим жилд уралдсан морьдын тоог үзвэл, Сайшаалт ерөөлтийн25 оны наймдугаарсард болсон Богдын даншиг наадамд их нас 1000, соёолон 1000, хязаалан 1000 уралдсан хэмээн бичсэн байна.
Харин морьд зурхайгаас эргэх үед дуучин хөгжимчид Богд хааны шар асрын өмнө Түмний эх дууг эхлэн дуулж завсарлана. Эл хооронд Богд хаан сүйх тэргээр наадамчин олны асрын урдуур явж, бүх монголчууддаа адис хүртээдэг байжээ.
Хурдан морь түрүүлж ойр ирэхийн үед дуучин хөгчимчид дахин Түмний эхийн сүүлчийн бадгаа дуулж төсгөдөг байна. Уралдсан морьдын 30 хувийг барьж, цол дууддаг байна.
Айргийн таван морийг гурван удаа асар тойруулж, цолыг гурвантаа дуудаж, унасан хүүхдэд айраг, боорцог хүртээж, морины толгой биед бэлэгтэй ёсоор айраг сацдаг байна.
Морь унасан хүүхдүүдэд жимс, боорцгоор цамцны өврийг дүүргэн хишиг хүртээдэг байжээ.
Хурдан морины бай, түрүүлсэн бөхийн бай адилхан байна. Түрүүлсэн бөхийн бай: атан тэмээ, морь, бүхэл торго тусбүрнэг, тал булигаар, буу, хонь, сэрж хадаг зэрэг зүйлсийг олгодог байжээ.
Нас насны морьд нэг нэг өдөр уралдаж өндөрлөөд Бат-Оршил ёслолд зориулсан хурим буюу хүлээн авалт хийх өдөр цагийг ноёдод уламжилдаг байна. Тогтсон өдөр Нийслэл хүрээн дэх Богдын ордонд хурим хийж, уртын дуучид дуу өргөн, хөгжим бишгүүр хөгжимдөн цэнгэдэг байна.
Ийнхүү хурим буюу хүлээн авалт хийснээр Богдын Бат-Оршил ёслол өндөрлөдөг байжээ.
Зуны дэлгэр цагаар даяар олноороо Богдын Хүрээнд цугларан монгол үндэс, эх түүх, шашин соёл, өв уламжлалаа дээдлэн сахиж, нандигдан өвлүүлэх ухаан шингээн үеэс үед тэмдэглэж ирсэн Богдын Бат-Оршил ёслол наадам нь Анхдугаар Богд Жавзандамба Өндөр гэгээн Занабазарын үеэс эхлэлтэй монгол үндэстний амин шалгуур болсон түүх, соёлын нандин өв билээ. Эдүгээ ч бид өвөг дээдсийн үеэс Богдын Бат-Оршил наадмаа тэмдэглэж ирсэн Хүйн гол, Магнаг толгой, Долоон худагт Үндэсний их баяр наадмаа уламжлал болгон тэмдэглэдэг билээ.