АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын их сургуулийн судалгааны багийнхан хиймэл оюун ухаан (AI) ашиглан Е.коли (E.coli) бактериас шинэ төрлийн вирусийн ген бүтээснээ AEvo-Ф2147 хэмээн нэрлэжээ. Энэ нь хиймэл оюун ухааны “Evo2” программ ашиглан бүтээсэн 285 шинэ вирусийн нэг аж. Судалгааг ахалсан Британийн молекул биологич Адриан Вольфсон “Энэ бол ирээдүйн тухай биш, одоо цагийн гайхамшиг” хэмээсэн байна. Тэдгээр вирусийг Петрийн аяга (лабораторид ашигладаг хавтгай, тунгалаг сав. 1877 онд Роберт Кохын туслах Юлий Ричард Петри зохион бүтээсэн)-нд бий болгосон бөгөөд үүнээс 16 нь өөрийн “эзэн” болох Е.коли руу халдан довтолж чадсан. Тэр ч бүү хэл эдгээр 16 омгийн холимог нь үхлийн аюултай бактерийн хамгийн тэсвэртэй хэлбэрийг ч ялсан байна. Судлаачид “Evo-Ф2147-г эзэн биеэс нь гадуур хуулбарлах боломжгүй бөгөөд хүний 20 000 гентэй харьцуулахад 11 ген агуулдаг тул бүрэн амьд биш гэсэн үг. Гэхдээ энэ нь бүхэл бүтэн генийг инженерчлэх боломжтой гэдгийг нотолсон нээлт” гэж мэдээлжээ. Тодруулбал, эрдэмтэд эхлээд 11 генийн дагуу 5386 нуклеотид агуулсан энгийн нэг судалтай вирусийн загварыг тодорхойлж, дараа нь ДНХ, РНХ, уургийн дарааллыг шинжилсэн. Хоёр дахь шатанд өгөгдлийг хоёр сая гаруй бактериофагийн ген дээр “сургаж”, E.коли омгийг халдварлах өвөрмөц үүрэгтэй вирусийн генийг бий болгосон аж. Эдгээр вирус нь эмэнд тэсвэртэй E.колийн гурван өөр омгийн эсрэг үр дүнтэй байсан. Вольфсоны багийнхан “Sidewinder” хэмээх шинэ ДНХ-ийн инженерчлэлийн хэрэгслийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь өмнөх технологиос 100 000 дахин илүү нарийвчлалтай генетикийн урт дараалал бүтээх боломжтой аж. Тэд энэ чиглэлийн эл нээлтээрээ дэлхийд анхдагч болов.
“Хиймэл оюун ухаан нь ганц загварын дагуу хөгждөг үе ард хоцорч байна. АНУ, Хятад, Европын Холбоонд төвлөрсөн хэд хэдэн том төвд энэ салбарын том судалгаанууд хийж, хөгжил нь ч ялгаатай болж эхэллээ. Үхлийн аюултай бактериас шинэ вирус гарган авсан мэргэжилтнүүд шиг энэ салбарынхан Засгийн газрын стратеги, техникийн үзүүлэлтүүд болон салбарын өгөгдлийг харьцуулж, бодлогын шийдвэрүүд нь технологийн хөгжилд бодитоор нөлөөлдөг. Загварчлалаас эхлээд тооцооллын дэд бүтэц, үүн дээр авьяас чадварыг нэгтгэж байна. Судлаачид эл бүтцийг “хиймэл оюун ухааны гурвал” гэж нэрлэдэг” гэж “Artificial Intelligence & Environment” сэтгүүлд нийтэлжээ. Ташрамд өгүүлэхэд, Америк хиймэл оюун ухааны үндсэн загварууд боловсруулах, орчин үеийн микрочип зохион бүтээх чиглэлээр манлайлдаг бол Хятад улс технологийн том төслүүд хэрэгжүүлэхэд түлхүү анхаарлаа хандуулж байна. Алгоритмуудыг аж үйлдвэр, хотын менежмент, дижитал үйлчилгээнд идэвхтэй ашигладаг бөгөөд Засгийн газрынх нь зохицуулалт, урт хугацааны хөтөлбөрүүд эдийн засгийн янз бүрийн салбарт хиймэл оюун ухааныг хурдан нэгтгэх боломжийг нээж буйг мөн онцолжээ. Европын Холбооны хувьд ил тод байдал, эрсдэлийн менежментэд суурилдаг гурав дахь загварыг боловсруулж байна. Энэ нь хиймэл оюун ухааны системд итгэх суурийг бий болгох юм.
Э.Хана