Хээ угалз нь Монголын үндэсний уламжлалт хэв маягийг илэрхийлдэг урлагийн нэг төрөл. Тэгвэл энэ чиглэлээр бүтээл туурвидаг зураач Р.Баярсайхан “Угалзтай өрөө” үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд дэлгээд байна. Тэрбээр Өвөрхангай аймагтаа “уран” хэмээн алдаршсан Рэнцэндоржийн хүү бөгөөд яруу найргийн “Жиг дуун” бүлгэмийг үүсгэн байгуулагч билээ. Зураач Р.Баярсайхан үндэсний хээ угалзыг өөрийн хэв маягт оруулж, шинэлэг байдлаар зурахыг эрмэлздэг бөгөөд эл үзэсгэлэнд дахин давтагдашгүй, цорын ганц хээтэй авдар, уран зураг тэргүүтэй 36 үзмэрийг олны хүртээл болгож буй юм.
Хээ угалз нь таавар оньсого шиг далд санаа агуулсан уран сайхны хэллэгтэй байдгийг урлаг судлаачид онцолдог. Тэр дундаа зураач Р.Баярсайхан хээ угалзыг уламжлалт 2-3 дагнаастай бус, олон давхар дагнаас, сүлжээстэй урладаг нэгэн. Мөн тэрбээр авдруудаа сайн чанарын будгаар хээг нь дахин давтагдашгүй, цорын ганц хувь урладгаараа онцлогтой аж.
У.Сүрэн





