Өнөөгийн нийгэм, цаг үеийн болж бүтэхгүй бүхнийг харандааныхаа үзүүрээр хоржоонтой гэгч нь буулгачихдаг, хөнгөн шог зургуудаараа сайд, дарга нарыг “чимхээд” уурлуулчихдаг, элдэвтэй нэгэн уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэн тун удахгүй гарах нь ээ. Тэр бол шог зураач Ц.Оргил юм. Ном, хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй тэрбээр 2019 оноос эхлэн уран бүтээлээрээ дамжуулж улс төр, нийгмийн амьдрал, эрх мэдэлтнүүдийн ааш аяг, дарга даамлуудын ичгүүргүй дүр төрх, ёс зүйгүй байдлыг нь шүүмжилж ирсэн нь олон нийтийн талархлыг ихэд хүлээдэг болсон юм.
Зураач Ц.Оргил “Юу ч зурчихсан юм, бүү мэд” үзэсгэлэнгээ өнөөдөр “Dugut” арт галерейд 12.00 цагт нээнэ. Цахим хуудсаараа уран бүтээлүүдээ олон нийтэд хүргэж ирсэн тэрбээр анх удаа үзэсгэлэнгийн танхимд зургуудаа дэлгэх гэж буй нь энэ. Ц.Оргил үзэсгэлэнд гаргах бүтээлүүдээ бүгдийг нь шинээр зурсан аж. Энэ талаараа тэрбээр “Миний олон нийтэд хүргэсэн өмнөх бүтээлүүд бүгд цахим орчинд гар утас, компьютероос үзэх боломжтой, жижиг хэмжээтэй, дүрс, өнгөний хувьд ч үзэсгэлэнгийн танхимд тохирохгүй. Тиймээс галерейд дэлгэх бүтээлүүдээ шинээр зурсан.
Өмнөх зургуудаа томруулж зурж уу, эсвэл огт харж байгаагүй уран бүтээлүүд дэлгэж үү гэдгийг үзэсгэлэнд ирээд хараарай” гэсэн юм.
Цаг үеийн үйл явдал, сенсац, мэдээ, мэдээллийг сонсоод өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ тэр даруй зургаар дүрсэлдэг хэмээн ярих түүний үзэсгэлэнгийн куратор буюу зохион байгуулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ажиллаж буй юм байна. Буруу “хэрэг тарьсан” л бол тэр нь Ерөнхийлөгч байсан ч зураач Ц.Оргилын “шүүлт”-ээр заавал ордог тул шүтэн бишрэгч, дагагчид нь түүнийг “Зоригтой, шударга шүүмжлэгч, тод буулгагч” хэмээн хүндэлдэг болжээ.
М.Гэгээ