Цас зөөлөн лавссан баасан гаргийн үдэш Людвиг ван Бетховен, Клод Дебюсси, П.И.Чайковский тэргүүтний бүтээлийг сонсохоор Улсын филармонийг зорилоо. Эндхийн орчин их сонирхолтой. Зарим театр сонгодог урлагийн үзвэрийн үеэр хоол, чипс, амттан борлуулах цэг ажиллуулж байгааг харахаар дур гутдаг. Эсвэл үзэгчдийг татахын тулд зар сурталчилгаагаа шоу, энтертайнмент тал руу хэт хэлбийлгэх нь ч ялгаагүй. Хүмүүст сонгодог урлаг хүргэж буй бол тэр хэрээрээ үнэ цэнтэй байх нь зүй. Харин Симфони найрал хөгжим, “Баян монгол”, Морин хуурын чуулгаас бүрдэх Улсын филармонийг зорих бүрд тун даруу сурталчилгааны самбар, илүү дутуу зүйлгүй эмх цэгцтэй байдал угтдаг билээ. Энэ удаагийн тоглолтод тэд Людвиг ван Бетховен, Эдвард Григ, Ган Чен, Хэ Жанхао, Клод Дебюсси, П.И.Чайковскийн тус тус нэг сонгомол бүтээлээс бүрдэх “Symphonic Promenade”-г толилууллаа. Ингээд энэхүү концертын онцлох үйл явдал, санааг хүргэе.
Урлагийн, тэр дундаа симфони оркестрын тоглолт үзэхээсээ өмнө тухайн концертын хөтөлбөртэй танилцаж, хөгжмийн зохиолч, түүний бүтээлийн талаар уншиж, судлах нь оюунаа бэлдэж, өөртөө хүндэтгэлтэй хандаж буй хэлбэр ч тоглолтыг илүү хүртээмжтэй болгохын тулд хөтлөгч зайлшгүй шаардлагатай. Урлаг судлалын ухааны доктор, төгөлдөр хуурч Ш.Гүл-файруз “Symphonic Promenade”-г хөтөлж, бүтээл бүрийн утга санаа, онцлог, хөгжмийн зохиолчдын талаар танилцуулсан. Эхний хөгжмийн зохиол бол Бетховены “Эгмонтын увертюра”. Энэ нь түүний улс төр, эрх чөлөөний хүчтэй агуулга бүхий хөгжмийн зохиолуудын нэг бөгөөд 1809-1810 онд И.В.Гётегийн “Эгмонт” жүжгийн дагалдах хөгжим хэлбэрээр бичигдсэн юм. Гёте Хабсбургийн дарлалын эсрэг тэмцэгч Нидерландын язгууртан Эгмонтын дүрээр эрх чөлөө, шударга ёсны төлөөх эр зоригийн тэмцлийг ч харуулсан гэх. Энэ увертюра удаан үргэлжлэх гунигтай, бараан өнгө аяс бүхий оршлоор эхэлдэг. Үүний дараа драматизм, Эгмонтын хурц тэмцэл, түүний үхлийг илэрхийлэх эмгэнэлт хэсгүүдтэй. Харин төгсгөлд нь дарангуйллыг яллаа гэсэн шиг “ялалтын фанфар”, сүр жавхааг илэрхийлэх утга санаа нэвт шингэсэн байна.
Улсын филармонийн симфони оркестрынхон тоглолтын турш бүхэл организм шиг, нэгэн цул болж ажилласныг энд дурдъя. Энэ талаар ерөнхий удирдаач Д.Нямдаш peak.mn цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “Нэг хөгжимчин алдвал оркестр даяараа л мэднэ. Тиймээс бусадтайгаа нэгдэж тоглох ёстой. Гоцлол хөгжимчин зөвхөн өөрийн тоглолтоо л авч явна. Харин оркестрын хөгжимчид нэгэн цул болж тоглох учиртай. Энэ бол асар их туршлагаар олж авдаг мэргэшил юм. Хөгжимчин хүн таван жил оркестрт тоглож байж тэрхүү нүсэр бүрэлдэхүүний нэг хэсэг нь болдог” хэмээжээ.
Дараа нь Норвегийн хөгжмийн зохиолч Эдвард Григийн таван хэсгээс бүрдэх “Peer gynt suite no. 1, op 46”-г эгшиглүүлэв. Энэ нь жүжгийн зохиолч Генрик Ибсений “Пир Гюнт” жүжигт зориулсан зохиол билээ. Энэ бүтээлийг телевизийн олон шоу нэвтрүүлэг, тэр ч бүү хэл “Том ба Жерри” зэрэг хүүхэлдэйн кинонд ч ашигласан нь бий. Уг тоглолт дахь цор ганц Азийн бүтээл бол Ган Чен, Хэ Жанхао нарын “Эрвээхэйнд дурлагчдын хийлийн концерт”. “Лян Шаньбо ба Жү Интай” гэх Хятадын домогт суурилж бичсэн учраас үүнийг Хятадын “Ромео Жульетта” ч хэмээдэг аж. Энэ бүтээлд гоцлох уран бүтээлчээс тун нарийн техникийн мэдрэмж, мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр шаардах нь илэрхий байв. Харин энэ үүргийг Халиуны Санчир хүлээжээ. Гоцлол хөгжимчин удирдаачтайгаа тусдаа бэлтгэл хийдэг. Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш хийлч Х.Санчир нар хэр хэмжээнд хамтарсныг одоо л харах хэрэгтэй гэж бодов. Гоцлооч үнэхээр сайн байлаа. Тэрбээр концертмейстер буюу уг найрал хөгжмийн ахлах хийлч, удирдаачийн дараа эрэмбэлэгдэх нэр хүндтэй, өндөр хариуцлагатай хөгжимчин. Мэргэжлийн техникүүдээ төгс гүйцэтгэж, оркестртойгоо давгүй зохицож ажиллалаа шүү.
Х.Санчир 2015 онд “Мөнгөн мод”-оос шилдэг хөгжимчний цом хүртэж, 21-тэйдээ Улсын филармонийн концертын танхимд анхны бие даасан тоглолтоо хийн, 2022-2024 онд Эрхүү хотын Филармонийн оркестртой хамт ОХУ-ын хотуудаар тоглож, БНХАУ-ын Шэньян хотын хөгжмийн Консерваторын концертын танхимд А.Хачатуряны хийл найрал хөгжмийн концертод гоцолсон нэгэн юм. Түүнчлэн тэрбээр өмнө нь Япон, ОХУ-д гоцлол хөгжимчнөөр, 2024 оноос хойш өнөөг хүртэл Улсын филармонийн симфони оркестрын ерөнхий концертмейстерээр ажиллаж буй аж.
Харин удирдаач Дашцэрэнгийн Нямдашийг хөгжмийнхөн эчнээ мэдэх биз. “Classic night”, “Felix mendelsohn”, “Also sprach zarathustra”, “New season”, “Snow melody”, “Говь гурван сайхан”, “Хөгжмийг хүн бүрд” сэдэвт тайлбарт концертын ерөнхий удирдаачаар ажилласан тэрбээр “Миний хөгжимчид хамгийн үнэ цэнтэй нь” хэмээж байж. Үүгээр тогтохгүй “Би Моцарт, Чайковскийн бүтээлүүдэд дуртай. Энэ нь миний л хэрэг. Аз болоод тухайн жилийн хөтөлбөр, захиалгат тоглолтод эдгээр хөгжмийн зохиолчдын бүтээл багтвал надад тааламжтай л байдаг. Энэ нь бусад хөгжмийн зохиолчдын бүтээлд дургүй гэсэн үг биш” гэсэн нь “Symphonic Promenade” түүний хувьд тун тааламжтай тоглолт болжээ хэмээн таамаглаж болохоор.
Тоглолтын дөрөв дэх бүтээл бол Клод Дебюссигийн “Prelude to the afternoon of a faun”. Францын хөгжмийн зохиолч, импрессионизмын төлөөлөгч түүний бүтээл их “өнгөлөг”. Эцэст нь Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Франческа да Римини, Op. 32” хэмээх симфони фантази эгшиглэлээ. Данте Алигьерийн алдарт “Тэнгэрлэг туульс” бүтээлийн “Там” хэсгийн Франческа да Риминигийн эмгэнэлт хайрын түүхээс сэдэвлэсэн юм. Хөгжмийн удиртгал хэсэгт тамын харанхуй, гунигт уур амьсгалыг үүсгэж, дараа нь хурц, хүчтэй шуурга мэт аялгуугаар нүгэлт сүнснүүдийн эргэлдэж буйг дүрсэлдэг. Харин хийл ба үлээвэр хөгжмийн уянгалаг хэсэгт хайрын эмгэнэлт өнгө аясыг илэрхийлсээр тоглолт өндөрлөлөө. Дэлхийн сонгодгуудын бүтээлүүдээс дээжилж, эв зүйд нийцүүлэн найруулжээ хэмээн дүгнэв.
Танхимд “Зураг авч, утсаар ярьж болохгүй” гээд биччихсэн байхад л үүнийг бүдүүлгээр зөрчих хүн мундахгүй юм. Үзвэрээс хоцорсон бол хүлээж байгаад завсарлагаанаар суудлаа эзлэх, товлосон цагаасаа хоцрохгүй байхад манай үзэгчид сайтар анхаарах хэрэгтэй байна даа.
Д.Сэлэнгэ