Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл, зэмсэг болох аман хэл хуурын талаарх агуулгыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгахаар судалгаа, мэдээлэл боловсруулж буй билээ. Хүн төрөлхтний эртний хөгжим гэгддэг Аман хэл хуурын дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 30-нд олон улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөө жил манай улс эл өдрийг “Эртний хэмнэл-эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэхээр болсныг тус нийгэмлэгээс мэдээлэв. Үүний хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд уг өдөрт зориулсан цогц үйл үйл ажиллагааг түүх судлаачид, хөгжмийн багш нарыг хамруулан зохион байгуулах гэнэ.
Арга хэмжээний үеэр эрдэмтэн, судлаачид археологийн судалгаа, олдворууд, хэл хуурын өгүүлэхүй ба эгшиг зохицол, түүхэн аялгууны замнал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, өвлөн уламжлагчид, уран бүтээлчдийн олон төрлийн хэл хуурын тоглолт сонирхуулах аж. Мөн олон улс, үндэстний аман хэл хуурын эртний 100 гаруй үзмэрийг үзэсгэлэнд дэлгэх нь.
М.Гэгээ