Хушга тархины үйл ажиллагаанд сайн гэхч лэн эл самрын ач тус тоймгүй. Тэгвэл бүр илүү гайхалтай чадварыг нь АНУ-ын Коннектикутын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэд нээсэн талаар “Cancer рrevention research” сэтгүүлд нийтэлжээ. Хушга тогтмол хэрэглэх нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдгийг клиник судалгааны үр дүн харуулсан гэдгийг тус багийнхан танилцуулсан байна.
Хушганд агуулагддаг ургамлын полифенол болох эллагитаннин нэгдэл үүнд гол үүрэгтэй. Уг нэгдлийн нэг болох уролитин А нь үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд хавдрын өсөлтийг дарангуйлдаг аж. Гэдэсний микробиотууд буюу ашигт бичил биетүүдийн оролцоотойгоор уролитинин А (антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдэл бөгөөд хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй бодисуудын нэг) үүснэ. Өөрөөр хэлбэл, гэдэсний бичил биетүүд жимс, самар зэрэгт агуулагддаг эллагитаннинээс үүнийг “гаргаж” авдаг. Клиник судалгаанд хамрагдсан, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлтэй, 40-65 насны 39 хүнд тогтмол хушга хэрэглүүлжээ. Тусгай хяналт дор заасан хэмжээгээр самар идүүлсний эцэст цус, шээс, өтгөний болон гэдэсний дурангийн шинжилгээнд хамруулахад үрэвслийн маркерууд, ялангуяа уролитин А-г хамгийн ихээр нийлэгжүүлдэг таргалалттай хүмүүст мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсныг баримтжуулсан байна. Түүнчлэн эл нэгдлийн нийлэгжилт өндөр байх тусам хавдрын эдийн өсөлттэй холбоотой уургийн түвшин буурсан үр дүн гарчээ. Судалгааны багийнхан шинжилгээний үзүүлэлтэд тулгуурлан өдөр тутмын хоол хүнсэндээ хушгыг бага хэмжээгээр, тогтмол оруулахыг зөвлөөд “Гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх чухал алхам байж болох юм” гэжээ.
Ж.Эрдэнэ