Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд 70 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц (ДЦС)-ыг “Райд Монголиа” ХХК барьж буй. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолсон уг төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн 148 сая ам.доллар аж. Тус бүр нь 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай ДЦСын барилга угсралтын ажлыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн ч солонгос гүйцэтгэгчийн буруугаас болоод гацаанд ороод байсан юм. Сэлэнгэ аймгийн хэрэглээг хангах энэхүү станцыг өдгөө Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэж буй бөгөөд 460 орчим монгол, камбож, хятад, вьетнам иргэн ажиллаж байна.
“Райд Монголиа” ХХК-ийнхан эхний блокийн туршилт тохируулгыг долоодугаар сард багтаан хийж, наймдугаар сард эрчим хүчний системд холбохоор төлөвлөж буйгаа дуулгав. Ажиллах хүчний квоттой холбоотойгоор гадаадын ажилчдыг Монголд оруулж ирэхэд нэлээд хүндрэл учирч, ажил багагүй хугацаагаар хойшилсон ч хоёр дахь блокийг есдүгээр сарын 15-ны дотор системд холбохоор төлөвлөж буй гэнэ. Энэхүү станцад шинэ техник, технологи суурилуулахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа карбон яндан ашиглах нь байгаль орчинд ээлтэй аж. Манайд ДЦСын янданг тусгай зориулалтын техникээр буулгадаг тул олон жил ашигладаг. Тэдгээрт удаан хугацаанд хуримтлагдсан хүнд элементүүд агуулагддаг бол карбон янданг ашиглаж дуусаад шууд буулгах юм байна.
Г.Сансар