Төв аймгийн Заамар сумын уурхайн цооногт өнгөрсөн сарын 27-нд гурван настай хүүхэд унаж, онцгой байдлын болон бусад 15 байгууллагын 100 гаруй хүн 55 цагийн турш аврах ажиллагаа явуулсан ч харамсалтай нь охин амиа алдсан юм. Улс даяараа охины төлөө санаа зовж, аврагдаасай хэмээн хүлээж байсан ч өнгөрсөн сарын 30-ны 00.23 цагт цогцсыг нь гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөв. Уул уурхайн аврах анги болон Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн 45 м өргөн, 70 м урт нүх ухаж, 11.8 м урт хөндлөн малталт хийж, хүүхдийн унасан газарт хүрсэн ч нас барсан байсныг олсон юм.
Уг осол нь уул уурхайн компани болон тухайн нутгийн удирдлага зэрэг бүх шатандаа хариуцлага алдсаны улмаас үүссэн тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хү рээнд улсын хэмжээнд хяналт, шалгалт хийж эхэлсэн. Тухайлбал, Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй “Эйч эс эйч эс”, “Атилла гоулд”, “Ирмүүн босго” ХХК хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Шижир аранжин” ХХК-ийн MV012665 дугаартай “Замын булгийн орд” алтны шороон ордын үйл ажиллагааг хянаж шалгахад бичиг баримт дутуу, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй, ашиглалтын үеийн хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, ажлын байрны аюулгүй ажиллагаа, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашилт хангалтгүй зэрэг зөрчил илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоожээ.
Мөн “И-Монголиа” системд шинээр “Эрсдэл мэдэгдэх” цэг нэмсэн байна. Ингэснээр ор чин тойрондоо байгаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлэх боломжтой болсон бөгөөд аюул бүхий газрын байршил, хаяг, баталгаажуулсан зураг хавсарган илгээх гэнэ.
Ч.Туяа