Хөрөнгө оруулагчид АНУ, Израил, Иран улс гал зогсоох тохиролцоонд хүрэх, эсэхийг анхааралтай ажиглаж буй энэ үед газрын тосны фьючерс үнэ өнгөрсөн баасан гарагт хоёр хувиар буурсан байна. Түүнчлэн брент төрлийн газрын тосны ханш өнгөрсөн сард 1.66 ам.доллар буюу 1.8 хувиар унаж, 92.05 ам.долларт хүрсэн аж. Брент 11, WTI төрлийн газрын тосны үнэ ес гаруй хувиар буурсан нь сүүлийн зургаан долоо хоног дахь хамгийн том уналт болов. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA)-ийн өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн тайланд “АНУ-ын түүхий нефть, бензин болон нэрмэл түлшний нөөц буурсан. Харин экспорт өдөрт 1.16 сая баррелиар багасаж 4.4 сая болсон” хэмээн дурджээ.
Сүүлийн гурван сарын турш үргэлжилсэн АНУ, Ираны мөргөлдөөний үеэр судлаачид “Дайн удахгүй дуусна” гэх таамаг дэвшүүлж байсан юм. Энэ нь дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувийг дамжуулдаг Ормузын хоолойтой холбоотой. Тус усан зам мөргөлдөөний улмаас хаагдаж, дэлхийн эрчим хүч, газрын тосны дундаж үнэ огцом өссөн. Ираны “Fars” агентлагийн мэдээлэлд дурдсанчлан одоогоор албан ёсоор батлаагүй уг хэлэлцээрийн хүрээнд Иран улс Ормузын хоолойг хязгаарлалтгүйгээр нээх ч усан замыг урьдчилан тогтоосон өөрийн зохицуулалтын дагуу ажиллуулах нөхцөл тулгаад буй гэнэ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын эрх баригчдад хандан Ормузын хоолойг нэн даруй нээхийг уриалжээ. Швейцарт төвтэй, хамгийн нөлөө бүхий санхүүгийн “тоглогчдын” нэг гэгддэг UBS банкны шинжээч Жованни Стауново “Ормузын хоолойгоор дамжих газрын тосны урсгал хязгаарлагдмал хэвээр байгаа ч олны анхаарал АНУ, Иран тохиролцоонд хүрэх, эсэхэд төвлөрч байна. Хэрэв газрын тосны үнэ огцом унасаар байвал зарим хөрөнгө оруулагч алдагдал хүлээж болзошгүй” хэмээсэн. Харин “Ройтерс” агентлагийн мэдээлснээр талууд гал зогсоох хугацааг сунгах, Ормузын хоолойгоор бараа тээвэрлэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлах талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэх. Гэвч ING группийн шинжээчид Ормузын хоолойг нээх нь нефтийн зах зээлд богино хугацааны эерэг нөлөө үзүүлэх боловч нөхцөл байдал хэвийн болох, эсэх нь тодорхойгүй байгааг анхааруулсан байна.
Д.Хэрлэн