Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг гаргажээ. Т.Даваадалайг цагдан хорьсон хугацаа энэ сарын 22-нд дуусахтай холбоотойгоор үргэлжлүүлэн хорих санал Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос гаргасныг дээрх шүүх хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3-ын “Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэх үндэслэл арилаагүй, цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.
Т.Даваадалайтай хамт түүний дүү, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай, “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмч лөгч Н.Билгүүн нарыг цагдан хорьж шалгаж буй билээ. Тэднийг “Улаанбаатар метро” болон “Туулын хурдны”, “Нэгдүгээр тойрог зам” зэрэг төслийн хөрөнгөөс хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан, туслан гүйцэтгэгч нэрийн дор 6.6 тэрбум төгрөг завшиж угаасан хэмээн буруутгасан юм. Мөн Т.Даваадалайг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт шалгаж буй.