Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас энэ сард нэгдсэн сургалт зохион байгуулсан. Энэ үеэр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт, шинжилгээ, сэргээшийн эсрэг үндэсний дүрэм, давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр арбитрын болон допингийн давж заалдах комиссын хуралдааныг мэдээлэх журам зэргийг хэлэлцжээ. Тус сургалтын дараа шинэ арбитрчид тангараг өргөж, батламж, гэрчилгээгээ гардан авсан байна. Монголын волейболын спортын бүх оролцогч талуудтай холбоотой аливаа эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар буюу арбитрын журмаар шийдвэрлэхээр заасан байдаг. Мэргэжлийн болон сонирхогч тамирчин, дасгалжуулагч, клуб, агент, спорт холбоод, тэдгээрийн удирдлага, ажлын алба, гишүүнчлэл, хамаарал бүхий этгээд зэрэг спорттой холбоотой оролцогчтой холбоотой аливаа эрх зүйн маргааныг Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын байгууллага шийдвэрлэдэг. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын спортын арбитрчаар энэ онд 50 хүнийг сонгоход Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх, Удирдах зөвлөлийн гишүүн А.Мөнхбаяр нар багтжээ.