Манай улсын хэмжээнд 2025 онд өвөл, зуны нийт 160 орчим га хүлэмжид нарийн ногоо тарьж, 14 580 тонн ургац хураан авчээ. Харин өргөст хэмх, улаан лооль 7100 орчим тонныг гадаадаас худалдан авсан бол нийт 57 700 тонн нарийн ногоо, жимс өнгөрсөн жил импортолжээ. Өөрөөр хэлбэл, бид идэж байгаа нарийн ногоо, жимс, жимсгэнийн 80 хувийг гадаадаас авч байгаа юм. Хэрвээ ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 70-аас дээш хувийг гадаадаас авч байвал энэ нь импортын шууд хамаарал бөгөөд улмаар хүнсний аюулгүй байдал үл хангагдаж буйн дохио гэнэ. Магадгүй үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд ч дөхөж очихуйц ноцтой асуудал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Үүнийг хэрхэн засаж залруулж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж болох талаар сонирхлоо.
Дээр дурдсанчлан өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 160 орчим га талбайд хүлэмж байгаагаас 40.3 га нь л өвлийнх гэдгийг ХХААХҮЯ-ныхан мэдээлэв. 40 га гэдэг бол нэг айлын хашааны 0.07 га хэмжээтэй газартай жишвэл ердөө 570 орчим айлынхтай тэнцэхүйц бага дүн. Гэтэл Улаанбаатарын гэр хороололд дунджаар 250 000 айл бий. Өөрөөр хэлбэл, 250 000 айлаас 570 нь л газар тариалан эрхэлж байгаа хэрэг. Уг нь ХХААХҮЯ-наас хүлэмжийн аж ахуйг дэмжихэд зориулж хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас олгож ирснээ байнга мэдээлдэг. Энэ талаар тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Хүлэмжийн аж ахуй хөгжсөнгүй, нарийн ногооны импортын хамаарал буурахгүй байна гэх сэтгэгдэл тасардаггүй. Уг нь сүүлийн гурван жилийн статстикаас харахад нарийн ногоо, жимс, жимсгэнийн дотоодын ургацын хэмжээ жил бүр 1500 орчим тонноор нэмэгдэж иржээ. Тодруулбал, 2023 онд 140 орчим га хүлэмжээс 11 600, 2024 онд 155 га-гаас 13 500 тонн ургац авсан. Энэ ахиц дэвшил мөн биз. Гэхдээ хүн амын өсөлт, гадаадын аялан жуулчлагчдын тоо зэргээс шалтгаалж хэрэглээ өссөөр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Засгийн газраас эл байдлыг үнэлж, хэрэгцээгээ дотоодоос хангах зорилгоор бүх төрлийн тариалан эрхлэгчдийг дэмжиж ирсэн. Зун, өвлийн хүлэмж барихад зориулж 2024-2025 онд 175 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2022-2026 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд 1.2 их наяд төгрөгийг зээл, хүүгийн хөнгөлөлтөд зарцуулж байгаа” гэлээ.
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА БОГИНО, ХЭМЖЭЭ БАГА
Тэгвэл “Асрал арго парк” компанийн захирал, “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт “Хүнсний ногоо тарьдаг, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хувьд өвлийн хүлэмжтэй болох нь мөрөөдөл хэвээрээ л байна. Яагаад гэвэл олигтой санхүүжилт алга. Төрөөс хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч хугацаа бага, барьцаа хөрөнгө их шаарддаг. Түүнчлэн ийм зээлүүд нь олдоц муутай. Ер нь багадаа 10 жилийн хугацаатай зээл олгож байж л үр дүнд хүрнэ. Монгол тариаланчид зун, өвөлгүй “шатаад” байна. Учир нь өвлийн хүлэмжийн зардал өндөр учраас бүтээгдэхүүн нийлүүлээд ч ашиг муутай. Зун нь урд хөршийн хямд ногоо зах зээлийг эзэлж, ямар ч орлогогүй болгодог. Авсан зээлээ төлөхтэй манатай, арайхийж л зуныг өнгөрүүлдэг. Эцсийн эцэст юу хэлэх гээд байна вэ гэхээр урт хугацааны бодлогын дэмжлэг л чухал” гэлээ.
“Геомандал про” компанийн захирал Г.Золжаргал “Монголд хүлэмжийн аж ахуй хөгжихгүй нь гэсэн бодолтой болсон. Манайх зуны 500, өвлийн 200 орчим ам метр хүлэмжтэй. Аж ахуйгаа эрхлээд найман жил болж байна. Ерөнхийдөө навчит ургамал, улаан лооль, өргөст хэмх л тарьдаг. Гэтэл авсан зээлээ л дөнгөж төлөх төдий борлуулалттай. Өвөл цахилгааны зардал маш өндөр гардаг. Шөнийн тарифын хөнгөлөлттэй байхад л сард 10 сая төгрөгөөс давдаг. Тэгээд үүнийгээ ногооныхоо үнэд шингээж борлуулъя гэхээр худалдан авагч муутай. Ялангуяа өнгөрсөн өвөл, хавар борлуулалт тун муу байлаа. Хүмүүс, аж ахуйн нэгжүүд, ресторануудын худалдан авах чадвар тааруу болчихож. Бас Монголд үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүн импортын хямд бараатай өрсөлдөх шаардлага гардаг. Дотоодын зах зээлийг дэмжих ямар ч бодлого байхгүй. Зах зээлийн хуулиар шийдэгдэнэ гэдэг боловч хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг хамгаалах талаасаа дотоодын ногоо, жимс, жимсгэнийг дэмжих л ёстой” гэв.
Хан-Уул дүүргийн иргэн, агрономич мэргэжилтэй Ч.Намуун “-30-аас доош хэмийн хүйтэнд хэвийн ажиллах хүлэмж Монголд байгуулах хэцүү. БНСУ, БНХАУ-ын технологиор нэг ам метрийг нь 500 000-800 000 төгрөгөөр бариад бүтэлгүйтсэн хүлэмжийн эзэн цөөнгүй. Дулаан нь алдагдаад, хэт хүйтрэн хэдхэн цагийн дотор ногоо нь хайрагдчихсан жишээ олон. Голландын гидропоник технологитой хүлэмжүүдийг алсаас удирдаад, агаарын хэм, чийгшил зэргээ тохируулаад байж болдог. Хамгийн ухаалаг технологи бөгөөд манайд хамгийн сайн тохирно гэж боддог. Гэтэл ийм хүлэмжийн нэг ам метр нь багадаа нэг сая төгрөг болно. 100 ам метр талбайтай хүлэмж барихад 100 сая төгрөгөөс давна. Бас ийм өртгөөр боссон хүлэмжийн зардлыг олж, ашигтай ажиллаж эхлэхэд 10 жил ч зарцуулна. Түүнчлэн манайд гидропоник хүлэмжид ажиллах, ийм хүлэмжийн технологийг мэдэх хүн цөөн. Санхүүгийн болоод хүний нөөцийн чадамж байхгүй гэсэн үг. Үүнийг засаж сайжруулахад одооноос анхаарахгүй бол илүү олон жил импортын хамааралтай байна. Ганц, хоёр зуун сая төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатайгаар олгоод шийдчихдэг асуудал биш. Наанадаж 10 жилийн зээл, хүчин чармайлт хэрэгтэй” гэсэн юм.
Хэдийгээр өвөл, зуны хүлэмжийн талбайн хэмжээ жил ирэх бүр бага боловч нэмэгдсэн ч импортын нарийн ногоо, жимс, сонгино, саримсын нийлүүлэлт тогтмол өссөөр байна. Энэ нь хүн амын өсөлт, иргэдийн хооллох соёл, сонголт өөрчлөгдөж, ногооны хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотой гэдгийг ч хэлэх хүн цөөнгүй байгаа юм. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Г.Арвинтуяа “Бүдүүн болон нарийн ногоо, жимсний хэрэглээ улам бүр өснө. Учир нь хүн амын хооллох соёл, бүтээгдэхүүний сонголт улам бүр өөрчлөгдөж байгаа. Манай залуучууд, хүүхдүүд төрөл бүрийн ногоо, жимс, навчит ургамлаар хооллох нь нэмэгдсэн. 2010 оныхтой харьцуулахад өрхийн хэрэглээний сагсан дахь ногоо, жимсний хэмжээ хоёр дахин өссөн гэсэн албан бус судалгаа ч байна. Тиймээс мал маллахад, махны үнийн өсөлтөд анхаардаг шиг л жимс, ногооны тариалалт, нийлүүлэлтэд анхаарах хэрэгтэй. Ялангуяа чанаж, болгож иддэггүй нарийн ногоо, жимсээр хооллох нь төрөл бүрийн өвчин үүсгэх эрсдэлийг нэмдэг. Манайх импортын бүтээгдэхүүн бүрээ шалгаж, хянадаг лаборатори, нэгдсэн хяналт муутай. Тиймээс төрөөс ирэх 20, 50 жилийн төлөв, иргэдийн эрүүл мэнд, өвчлөлийн эрсдэлийг тооцож, хөрөнгө зарж байж дотоодын тариалалтыг өсгөх нь зүйтэй” хэмээв.
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ХҮЛЭМЖ АЖИЛЛУУЛАХГҮЙ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (KOICA) суурин төлөөлөгчтэй өнгөрсөн долоо хоногт уулзан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу “Шувуун фабрик”-т орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар болсноо мэдээлсэн. Түүнчлэн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар хамтран ажиллана гэсэн. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ынхнаас тодруулахад “БНСУ-ын буцалтгүй тусламжаар хүлэмж байгуулах боломжтой гэсэн. Талууд хүлэмжийн аж ахуйн салбарт хамтран ажиллах нь хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах, импортын хамаарлыг бууруулах, ажлын байр бий болгох зэрэг олон ач холбогдолтой. Хотын захиргаанаас хүлэмж байгуулаад, иргэдэд бүтээгдэхүүн борлуулах юм биш. Түүнчлэн зээл тусламжийн хэмжээ, төсөл хэрэгжүүлж эхлүүлэх хугацаа, ямар хэмжээтэй хүлэмж, яг хаана барьж, хэрхэн ажиллуулах талаар одоогоор тохиролцсон зүйл алга. Судалгаа эхлүүлсэн” гэв.
Дээрх нөхцөл байдал, жишээнээс харахад Монгол Улс нарийн ногооны импортын хараат байдлаас гарахыг зорьж буй бол хэсэгчилсэн төсөл, түр хугацааны арга хэмжээнээс илүүтэйгээр тогтолцооны шинэчлэл хийх шаардлага байна. Эхний ээлжид эрчим хүчний бодлогоор хүлэмжийн аж ахуйн зардлыг бууруулах хэрэгтэй. Тус салбарт зориулсан тусгай тарифын зохицуулалт гаргаж, мөн сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг хүлэмжийн аж ахуй эрхлэхэд нэмэгдүүлэх нь чухал юм. Түүнчлэн санхүүгийн тогтвортой дэмжлэг тун хэрэгтэй байх нь. Урт хугацааны зээл олгож, зээлийн төлөлт, үр дүнг нягталж, эрсдэлийг бууруулж явснаар аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулна. Мөн нэгдсэн экосистем бий болгох явдлыг орхигдуулж болохгүй. Тухайлбал, тариалалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын нэгдсэн ложистик бий болговол зохино. Мөн хямд ногоо, бүтээгдэхүүнээс дотоодын зах зээлийг хамгаалах, тариаланчдыг бойжиж, томоохон нийлүүлэгч болох хүртэл нь дэмжлэг үзүүлэх шаардлага байна. Хэрвээ бид одооноос л бодлоготой, цогц алхам хэрэгжүүлж эхлүүлэхгүй бол 10 жилийн дараагаас ашгаа өгч, үйл ажиллагаа нь тогтворждог өвлийн хүлэмжийн аж ахуйд ахиц гарахгүй, ажиллах хүн ч олдохгүй, импортын хамааралтай хэвээр үлдэх нь.
С.Дулам