Орхоны хөндийд сэргээн байгуулахаар төлөвлөсөн Хархорум хотын ундны усны нөөцийг секундэд 1400 литр гэж тогтоосныг Усны газраас мэдээллээ. Үүнээс секундэд 1000 литрийн нөөцтэй 16 цооногийг ашиглалтын зориулалтаар тоноглож, туршилт хийжээ. Харин үлдсэн нөөцийг баталгаажуулах, цооногийг нь тоноглох туршилтын ажил өдгөө үргэлжилж буй аж.
Хот төлөвлөж, байгуулахад цэвэр усны нөөцийг бодитой тогтоох, хаягдал усыг дахин ашиглах боломжийг тооцох, шугам хоолой, үерийн хамгаалалтын даланг чанартай төлөвлөх гэсэн суурь суурь асуудлууд хамгийн чухалд тооцогддог гэнэ. Улаанбаатар хотод энэ бүхнийг сайтар тооцож төлөвлөөгүйгээс нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үлэмж хохирол учирч буйг Усны газрын дарга З.Батбаяр онцлов. Уг алдааг Хархорум хотын төлөвлөлтөд давтахгүйн тулд усны нөөцийн эрэл хайгуулын ажлыг хариуцлагатай хийх, инженерийн шугам сүлжээг олон улсын жишгээр байгуулах шаардлагатайг тэрбээр анхаарууллаа.
Ж.Сувд