Улиасны унгирал буюу цагаан хөвөн зарим бүсэд хэт ихэссэнээс гадуур зорчиход төвөгтэй болж, амьсгалын замыг цочроон, харшил сэдрээх таагүй нөлөө үзүүлж байна. Жилийн жилд үүсдэг энэ асуудлыг намжааж, унгирлыг бууруулахын тулд нийслэл дэх улиаснуудыг тогтмол тайрч, хэлбэржүүлэн залуужуулах нь үр дүнтэйг МУИС-ийн профессор, ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг зөвлөлөө. Тэрбээр “Модны мөчрийн диаметр нь зургаан см-ээс дээш бол хөрөөдөж, тайрч болдог. Улаанбаатар хот хөгшин моднуудаа үе шаттайгаар цөөлөх хэрэгтэй. Юуны түрүүнд тэдгээрийг тайрч, хэлбэржүүлэх нь унгирлыг багасгахад чухал нөлөөтэй. Мод титэм, иш, үндэстэй байх учиртай. Нийслэл дэх моднуудыг тогтмол, зөв арчилж чаддаггүйгээс их биеийнх нь энд тэндээс баахан навч ургаж, бүтэц нь алдагдсан байдаг. Энэ нь хотын өнгө үзэмжид ч муу, тухайн модондоо ч сөрөг нөлөөтэй” гэв.
Ж.Сувд