ЮНЕСКО болон “Рио тинто Монгол” компанийн хамтран хэрэгжүүлж буй “ЮНЕСКО-гийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулч лалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Монголын анхны геопаркийг Өмнөговь аймагт өчигдөр нээлээ. Энэхүү геопарк нь Ханбогд сумын төвөөс 0.5 км-ийн зайд орших Шар цавын олдворт газар болон нутгийн иргэдийн энергийн төв хэмээн нэрлэдэг Дэмчогийн хийд зэрэг байгаль, геологи, палеонтологи, соёлын өвийг цогцлоосон өргөн уудам бүс нутгийг хамарч буйгаараа онцлогтой. Шар цав нь зөвхөн манай улсаас олддог “Avimimus protentosus” хэмээх үлэг гүрвэлийн мөр, яс, өндөг зэрэг 13 600 гаруй олдвор бүхий дэлхийд ховор палеонтологийн бүс юм. Судлаачид тэндээс сүрэглэн амьдардаг махан идэшт үлэг гүрвэлүүдийн хөдөлгөөний зам, зан төлөвийг тогтоох боломжтой ховор олдворуудыг илрүүлж байжээ.
Геопарк гэдэг нь дэлхийн үүсэл гарвал, хөрс чулуулаг, үлэг гүрвэл зэрэг эртний амьтан, ургамлын ховор олдвор бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх, соёлын дурсгалт газруудыг багтаасан өргөн уудам бүс нутаг байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон сая жилийн түүхийг өгүүлэх геологийн ховор өвийг байгаа газарт нь хадгалж, судлах зориулалттай задгай байгалийн музей юм.
ЮНЕСКО нь геологийн өвийг хамгаалах, шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор Дэлхийн геопаркуудын хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Манай улс 2018 оноос эл хөтөлбөрт хамрагдах бэлтгэлээ эхлүүлж, геопарк болгон хөгжүүлэх боломжтой газар нутгийг шат дараатай судалсаар иржээ. Шинэ геопаркийг цаашид ЮНЕСКОийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэхээр төлөвлөж буй бөгөөд үүнд бүртгүүлэх үйл явц дунджаар 5-10 жил үргэлжилдэг аж. Иймд геологийн өвийн үнэлгээ, хадгалалт хамгаалалт, төр болон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, үндэсний хэмжээний дэмжлэг, байгальд ээлтэй менежмент, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нарийн шалгуур үзүүлэлтийг хангах шаардлагатай гэнэ. Ингэснээр бид геологийн өвөрмөц өв, байгалийн хосгүй тогтцыг олон улсад илүү ихээр таниулах боломжтой бүрдэх юм байна.
У.Сүрэн