Төв талбайгаар алхаж явахдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн өдөрт зориулсан үзэсгэлэнд тавьсан хэд хэдэн эмээлийг олж харлаа. Анхаарлыг минь татаж, нүднээ туссан нэг эмээл нь тод шар өнгийн гөлөмтэй бөгөөд түүнийгээ хөх өнгөөр эмжээрлэж, дотор нь хар савхиар сүлжмэл болон алхан хээг залган ширж, гадна талаар нь үүлэн хээгээр чимжээ. Эмээлийн суудал нь тод улаан дэвсгэртэй, цул мөнгөн баавар тоноглолтой аж. Ширээн дээр хөөрөг, хэт хутга тэргүүтэнтэй зэрэгцүүлэн тавьсан хоёр эмээл арай даруухан атлаа чамин төрхтэй, бор шаргал гөлөмтэй аж. Эдгээр эмээлийг урласан “Мөнх ур” урлангийн захирал В.Батмөнхтэй ярилцлаа.
-Та аль нутгийн хүн бэ. Эмээл урлах болсон нь удмынх уу, эсвэл сонирхлоороо юу?
-Би Архангай аймгийн Жаргалант сумын уугуул. Миний хувьд урлаач болсон нь удмынх гэж хэлж болно. Социализмын үе, түүнээс ч өмнө манай удамд гарын дүйтэй, уран хүн олон байсан. Дээл, хувцас урладаг үйлчин, эмээлийн мод болон бусад модон эдлэл хийдэг мужаан хүн ч байсан юм билээ.
-Хэчнээн жил уран дарх, мужаан хийж байна вэ?
-Би 1991 оноос хойш тасралтгүй эмээл урлаж байна. Анх урлаач болохыг сонгосон нь нэг талаараа амьдрах арга, зах зээлийн шилжилтийн үеийн шаардлага байсан юм. 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нурж, дээд сургуулиуд төлбөртэй болсон. Төлбөр төлөх боломжгүй байсан учраас “Яаж амьдрах вэ” гэж бодож, гар хөлөө хөдөлгөж эхэлсэн дээ.
-Гэхдээ гарын ур дүйтэй байсан учраас л өдийг хүртэл тууштай ажилласан гэж боддог уу?
- Тийм ээ. Бага багаар урагшилж, чадах чадахгүйгээ оролдож үзсээр тэрэндээ урамшсан. Ер нь хүн урмаараа л урагшилдаг шүү дээ. -Хамгийн анхны бүтээл тань юу байв? -Эмээлийн мод авч, хөнгөлөх, цавчих зэрэг бэлдэц хийхээс л ажлын гараагаа эхэлсэн. Анх сурч байхдаа туршлагагүйтээд нэг талыг нь наахаар нөгөө тал нь ангайчихдаг, муруй сарий юм хийнэ. Тэрийг хараад ах минь “Энэ ч бүтэхгүй ээ” гээд шоолдог байлаа. Тэр үгэнд нь шар улам хөдөлж, “Заавал чадна даа” гэсээр өөрийгөө хөгжүүлэх эхлэл минь болсон юм.
-Танд багшаа гэж боддог хүн бий юү?
-Манай нутгийн онцлог л доо. Архангайн Жаргалант сум дээр үеэсээ урчууд олонтой. Эмээлийн, гэрийн мод, авдар сав, тавилга хийдэг цехүүд ажилладаг байсан юм. Хуучны Далай Чойнхор вангийн хошууны хийц бол Дарьганга, Батноровынхтой зэрэгцэхүйц алдартай. Нутгийн ах дүү нартайгаа хамт хийж сурсан зүйл бий. Гэхдээ миний гол багш бол ээж, аавын минь эдэлж, хэрэглэж байсан хуучны эд зүйлс байсан. Хуучны уран гартай хүний хийсэн эмээлийг гаргаж тавиад, өөрийнхөө хийсэн зүйлтэй харьцуулан харж, өөг нь засдаг байлаа. Бүтээгдэхүүн өөрөө багш болдог юм билээ.
-Үндэсний урлал, тэр дундаа эмээл урлахад юуг хамгийн их анхаарах ёстой байдаг юм бол?
-Ур хийц гэдэг чинь цавчих, зүлгэх, наахаас хальсан зүйл. Зүгээр л нэг хавтас, бүүрэгтэй мод байх уу, эсвэл тэр доторх намба төрх, хэлбэр хэмжээ, харьцаа нь таарч байна уу гэдэг чухал. Морины нуруунд тохоод, будаг шунхаа түрхээгүй байхдаа ямар харагдах вэ, будаад, тоног бааврыг дараад, олонцгийг нь оёод морины нуруунд тохоход ямар байх вэ гэдэг нь дотоод мэдрэмжтэй холбоотой. Хуучны хүмүүс “Нүд, гар, сэтгэлийн ур гурав тэнцэх юм бол сайн бүтээл гарна” гэж хэлдэг байсан. Ганцхан нүдний уртай байж болно, тийм хүн өөг нь сайн хэлэх боловч өөрөө хийж гүйцэтгэж чаддаггүй. Сэтгэлийн ур гэдэг нь тухайн бүтээл бий болоогүй байхад дотроо төсөөлөн бодох чадвар, гарын ур гэдэг нь гүйцэтгэх чадвар юм. Үүнийг шинжлэх ухаанчаар харвал зургаа гаргах, гүйцэтгэх, төгс бүтээл болгох цогц үйл явц гэж ойлгодог. Төгс хүн гэж үгүй тул үүнийг л бага сага сурч яваа хүн дээ, би.
-Хэрэглэгчийн онцлогт тохируулж, эсвэл тухайн хүнд яг ийм зүйл хэрэгтэй гэж бодож урласан бүтээл бий биз?
-Тийм тохиолдол гарна. Тухайлбал, эмнэг сургахад зориулсан, ямар ч тохиолдолд бат бөх чанараа хадгалах эмээл захиаллаа гэхэд догшин моринд тохож, хүн мордоод олом жирмээ чангалаад явахад ямар байх вэ гэдэг нь төсөөлөгддөг. Хүн, мал аль алинд нь тухтай, бат бөх байхаар тооцоолж хийх тохиолдол зөндөө. Гэхдээ хэрэглэгчийн үг бүрийг дагах гэвэл үндсэн хийц, чиглэлээсээ гажих талтай. Аливаа бүтээлийг хийхдээ анхнаасаа нэг зүг рүү харж, үндсэн хэвийг нь алдагдуулахгүй хийвэл сайн болно. Дундуур нь ороод “энийг ингэчих, тэрийг тэгчих” гэсний зоргоор өөрчлөөд байвал холион бантан болдог юм шиг санагдсан.
-Хүний биеийн галбир болон морины нуруунд эмээлийг хэрхэн тааруулж хийдэг вэ?
-Хүн бүрийн бие, гар, хурууны хэмжээ өөр өөр байдаг. Захиалж байгаа хүний гарыг харж байгаад л монгол уламжлалт сөөм, мухар сөөм, төө зэрэг хэмжүүрийг ашиглаж хийнэ. Мөн мориных нь сэрвээний өндөр зэргийг ч бодолцоно. Гөлөм, тохом гэж бий. Зузаан тохом буюу суурь зөөлөвч, гөлмийн доогуур орох эмжээр, түүний доор хөлсөвч гээд нимгэн тохом ордог. Энэ зузаан, нимгэн хоёр тохмоор морины нуруунд тааруулах нөхцөл бүрддэг юм. Ингэснээр багахан шиг шүдлэн, хязаалан, соёолон үрээнд ч, нас гүйцсэн бүдүүн моринд ч тохоход хэмжээ нь таардаг.
-Эмээлийг ямар модоор хийвэл зүгээр байдаг, мөн мөнгөн тоног хийхдээ ямар арга ашигладаг талаараа хэлж өгөхгүй юү?
-Хатуу модоор хийнэ. Манай нөхцөлд хусаар урлах нь эдэлгээ хамгийн сайн даадаг. Хусны ац, үндсээр бүүргээ хийж, хавтсыг нь их биеэр хийдэг. Мөнгөн тоногийг хэвд цутгаж гаргадаг цутгамал аргаар илүүтэй хийж байна. Хөөмөл нь маш их цаг хугацаа шаарддагаас гадна нарийн ажиллагаатай.
-Архангайн эмээлийн ур хийц бусад нутгийнхаас ялгарах онцлог нь юу бол?
-Манай нутгийнхны гол онцлог бол суурь модыг нь маш нарийн тааруулж хийдэгт оршдог. Захиалагч “Тэдэн лангийн тоног даруулна” гэвэл түүнд нь тааруулж хавтасны урт, өргөн, баавар чимэг дарах хэсгүүдийн хэмжээг өөрчилдөг. Одоо дунджаар хавтасны өргөн 14-15 см, их гарын тоног дарахад урт нь 16 см орчим болдог. Монгол ухагдахуунаар бол гараараа атгаад л багцаалчихдаг, гарт ордог хэмжээ юм. Мөнгөн хэрэгслийн хувьд нутаг, нутгийн үндсэн 4-5 том томьёолол бий. Буриад, баяд, дарьганга, Батноров, төв халх, Далай Чойнхор вангийн хийцийг ажиглаад ирэхээр аяндаа ялгаж салгаж мэддэг болдог. Тухайлбал, буриад эмээл мөнгөн хэрэгсэл багатай, баяд нь ясан тоноглол ихтэй, чимэг бага, уужим суудалтай байдаг бол төв халх хийц өндөр бүүрэгтэй, мөнгө их орсноороо ялгардаг.
-Эмээлийн баавар зэрэг мөнгөн тоногт чимэглэлээс гадна өөр үүрэг, зориулалт байдаг уу?
-Алт, мөнгө гэдэг бол зөвхөн чимэг биш, үнэ цэн. Хуучны хөгшчүүл үр хүүхэд, ач зээдээ эмээл сэлт өвлүүлэхдээ “Сайн явбал улам арвижуулж хэрэглэ, саар явбал зах зээлийнх нь ханшаар хөдөлгөөнд оруулж, хэрэгцээндээ ашигла” гэж маш гүн бодож, захидаг байж. Үнэт металлын лан, жин нь тодорхой учраас үнэ цэн нь ойлгомжтой аж. Монгол эр хүнд эмээл, хазаар, хөөрөг, гаанс, хэт хутга гээд амин чухал хэрэгцээний зүйл бий. Эмээл, хазаартай бол морио унаад хаа ч хүрч чадна. Хөөрөг, гаанс хүнтэй мэнд усаа зөв мэдэлцэх, цаг агаар, мал сүргээ асууж ярилцах уужуу ухааныг агуулдаг. Гаансаар тамхилахын тулд хэт цахиж, гал гаргана. Ингэж хүний гар хөлийг хөдөлгөж, эв дүй суулгадаг. Хэт хутгыг мэдэхгүй хүн харахад нэг зүйл “санжигануулаад” явж байгаа мэт боловч хүн хооллож ундлахад хутга, гал зайлшгүй хэрэгтэй. Энэ мэтчилэн бүх зүйл ахуйтайгаа холбогддог. Уран байх ухааныг монголчууд холоос хайлгүй, амьдралын дадлаар нь олгодог байж.
- Эмээлийн хэрэглэгдэхүүн бүр дээрх хээ угалзны бэлгэдлийг тайлбарлаж өгөөч.
-Хээ угалз бүр бэлгэдэл агуулж, байгаль эхийг шүтэх үзлийг илэрхийлдэг. Усан, уулан, үүлэн хээ, нар, сарны дүрслэл орно. Эмээлийн гөлөм дээр алхан хээ, өлзий утас ордог бол дөрөөг мөнгөөр чимэглэж, амь нас бат бэх байхыг бэлгэдсэн таван нүдэн хээг том, жижгээр урладаг. Ерөнхийдөө хангалуун, урт настай, удаан жаргалтай байхыг л бэлгэддэг дээ. Эд, эдлэл бүрийн хээ өөр, өөр. Жишээ нь, хэт хутга дээр дөрвөн хүчтэний дүрс их ордог. Хаалгаар ороход хойморт байх авдар дээр арслан, барс хамгаалж байдаг гэх мэт.
-Эмээл хийхэд ганц дархан байхад дутдаг гэдэг. Таны хувьд эмээлийг эхнээс нь дуустал ганцаараа хийж байсан тохиолдол байв уу?
-Анхнаас нь дуустал бүгдийг ганцаараа хийнэ гэж байхгүй л дээ. Чаддаг, чаддаг юмаа хийвэл бүтээл илүү төгс болдог юм. Эмээл урлах нь байшин барихтай адил олон хүний хамтын хүч байдаг. Ган сийлбэртэй дөрөө хийдэг хар төмрийн дархан, алт, мөнгөөр тоног, баавар хийдэг уран дархан, зүү ороож олонцог оёдог үйлчин, арьс ширэнд хээ хуар гаргадаг ширчин, олом жирмээ сураар сүлжиж, дээсээ эрчилж оёдог хүн, эмээлийн модоо тааруулж хийдэг мужаан гээд олон хүний хөдөлмөр шингэдэг. Би одоо “Мөнх ур” урлангаа ажиллуулж, эдгээр хүнийг чиглүүлж, хамгийн сүүлд нь угсрах, ганзага татах, гөлөм, олмыг тааруулах ажлыг хийж байна.
-Сайхан эмээл бүтээе гэвэл дунджаар ямар хэмжээний зардал гарах бол. Таны урлаж байсан хамгийн өртөг өндөртэй эмээл ямар үнээр “босов”?
-Үнэхээр сайхан эмээл хийе гэвэл дунджаар 20 орчим сая төгрөг болно. Миний урлаж байсан хамгийн өндөр өртөгтэй бүтээлүүд бол эр хүний чимэг болсон, мөнгөн тоногтой эмээлүүд байдаг. Эдэлгээ, чанар чансааны хувьд хүний хэрэгцээг бүрэн хангахуйц байлгахыг хамгийн их эрмэлздэг.
-Танд шавь бий юү. Тэдэндээ юуг хамгийн их захидаг вэ?
-Манай дархчуудын дэргэд гарын шавь нар бий. “Шавь хэзээ бэлэн болно, багш тэр үед бэлэн болно” гэдэг үг байдаг. Дараа үед өвлүүлэхэд хүний өөрийнх нь хүсэл сонирхол хамгийн чухал. Хуучны буурал өвгөд “Багажаа хийж сурахаас л дархан хүний ажил эхэлдэг” гэдэг байсан. Гартаа таарсан цоолтуур, хусуур, зүлгүүр, хуурайгаа хийгээд эхэлбэл дархан болж байгаагийн шинж. Аль ч тохиолдолд хүн чаддаг зүйлээ хийж бүтээгээд, түүндээ чин сэтгэлээсээ дурлаж ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал ажил үйлс нь аандаа дээшээ хөтөлдөг юм шүү гэж л захидаг даа.
Б.Ариунжаргал