БНХАУ цаашид хэрэгжүүлэх эрчим хүчний төлөвлөгөөгөө баталжээ. Тодруулбал, тус улс сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ нүүрсний нөөц, олборлолтын системдээ тулгуурлан түүхий нефть, шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээгээ огтхон ч бууруулахгүй гэдгээ мэдэгдэв. Тус улс 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчнийхээ 50 хувийг нар, салхи, уснаас гарган авахаар зорьсон нь өнгөрсөн жилийн 42.3 хувиас даруй өссөн үзүүлэлт болсон байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд салхи, нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 2700 ГВт хүргэхээр төлөвлөсөн гэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нэмэгдэхийн хэрээр нүүрсийг химийн бүтээгдэхүүн болон шингэн түлш үйлдвэрлэх түүхий эд болгон ашиглах хэмжээ өсөх магадлалтай байна. Хятадын түүхий нефтийн импорт 2025 онд өдөрт 11.6 сая баррель буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч өнгөрсөн тавдугаар сард 7.79 сая баррель болж сүүлийн найман жилийн доод түвшинд очсон юм.
Ташрамд, манай улсын БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 61 хувиар нэмэгдсэн нь энэ зах зээлийн хамгийн том нийлүүлэгч гэгддэг Индонезыг ардаа орхисон юм. Монгол Улсын Хятад руу хийх экспорт энэ онд 26 хувиар нэмэгдэж, 105 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын анхны зорилтоос давах боломжийг нэмэгдүүллээ гэж “Блүүмбэрг”-ийн шинжээчид танилцуулсан. Эл өсөлтөөс манай олборлогчид өндөр ашиг хүртэх төлөвтэй.
Д.Хэрлэн