Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилтынхоо хүрээнд Монголд анх удаа хиймэл оюунд суурилсан дурангийн шинэ систем нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Үүний хүрээнд УНТЭ-ийн удирдлагын баг болон БНСУ-ын CAIMI компанийн төлөөлөгчид энэ сарын 26-нд уулзаж, төхөөрөмж суурилуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасан аж.
Уулзалтын үеэр тус компанийн патенттай, хиймэл оюунд суурилсан ходоод, хоол боловсруулах замын дурангийн шинэ системийг танилцуулжээ. Энэхүү технологи нь ходоод, хоол боловсруулах замын эмгэг өөрчлөлтийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай илрүүлэхээс гадна хавдрын эрт үеийн сэжигтэй тохиолдлыг ч цаг алдалгүй танихаараа ач холбогдолтой. Мөн хиймэл оюун дүрслэлийг автомат байдлаар боловсруулж, шинжилснээр оношилгооны нарийвчлалыг сайжруулахын зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах давуу талтай гэнэ.
У.Сүрэн