Бид хүүхэд байхаасаа л “Эр хүн уйлдаггүй юм”, “Хүнд нулимсаа үзүүлж болохгүй”, “Шөнө уйлбал муу ёр зөгнөнө” гэх мэт үгсийг сонсож өссөн. Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд нулимс унагахыг сэтгэлийн хатгүй, сул дорой байдалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэвч орчин үеийн даяаршиж буй нийгэмд сэтгэл зүйн боловсрол хөгжихийн хэрээр уйлахыг хэвийн бөгөөд эрүүл үзэгдэл гэж үзэх болжээ. Шинжлэх ухааны үүднээс ч уйлах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй нулимсны найрлагад адренокортикотроп даавар болон стрессийн үед ялгардаг кортизол их хэмжээгээр агуулагддаг. Тиймээс уйлах үед бие махбод стрессийн хорт бодисоо гадагшлуулж, өөрийгөө цэвэрлэдэг аж. Мөн энэ үед тархи эндорфин болон окситоцин хэмээх “сайн сайхны” даавар ялгаруулснаар бие махбод болон сэтгэл зүйн өвдөлтийг намдаахад тусалдаг гэнэ. Үүний зэрэгцээ уйлснаас хэдэн минутын дараа биеийг амрааж, эрч хүчээ эргүүлэн нөхөхөд тусалдаг “тормоз” буюу парасимпатик мэдрэлийн систем идэвхэжсэнээр зүрхний цохилт тогтворжиж, булчин суларч, хүн тайвширч эхэлдэг юм байна.
Хүн бүр өөрийн гэсэн тэсвэрлэх хязгаартай бөгөөд нулимс бол тэрхүү хязгаарыг давж, дотоод системд хэт ачаалал өгөхөөс сэргийлдэг байгалийн хамгаалалтын механизм билээ. Бид уур бухимдал, айдас, гуниг зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө нулимсаараа дамжуулан гадагшлуулаагүй цагт хуримтлагдсан энерги дотогш чиглэж, яваандаа шалтгаангүйгээр цухалдах, орчин тойрныхоо хүмүүстэй үл ойлголцох суурь болдог аж. Уйлсны дараа хүний сэтгэл зүйн байдал илүү тогтворжиж, аливаа асуудлыг эрүүлээр харах, шийдвэр гаргах чадвар нэмэгддэг болохыг ч мэргэжилтнүүд онцолдог.
Тэгвэл монголчуудын дунд түгээмэл байдаг нулимсаа нуух шаардлага, ялангуяа эрчүүдийг багаас нь сэтгэл хөдлөлөө “түгжих”-ийг шаарддаг хандлага урт хугацаандаа сэтгэцийн болон бие махбодын ноцтой эмгэгт хүргэх аюултай гэнэ. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй, нулимсаа барих нь цусан дахь стрессийн дааврын хэмжээг тогтмол өсгөж, улмаар дархлааны системийг сулруулан, артерийн даралт ихсэх, сэтгэл гутрал болон нойргүйдэлд өртөх эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлдэг байна. Тиймээс шөнө уйлахыг муу ёр гэхээсээ илүүтэйгээр өдрийн турш хуримтлагдсан сэтгэл зүйн ачаалал, ядаргаагаа тайлах үе буюу бие махбод өөрийгөө анагаах гэж буй байгалийн хариу үйлдэл гэж харах нь зүйтэй.
Нийгмийн шахалт, уламжлалт хэвшмэл хандлагаас эмээж, нулимсаа барих нь өөрийнхөө сэтгэл зүйг хүчээр боомилж буй хэрэг бөгөөд үүнээс ангижрах нь илүү эрүүл, нээлттэй, амьд харилцааг бий болгоход тусалдаг байна. Тиймээс өөрт төрж буй мэдрэмжийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хэрэгцээтэй үед нь нулимсаараа дамжуулан дотоод ертөнцөө “цэвэрлэх” нь урт насалж, эрүүл амьдрахын үндэс аж.