Орхон аймгийнхан ерөнхий боловсролын сургуулиуддаа шүд угаах булан тохижуулж эхэлснээ мэдээллээ. Уг төслийг аж ахуйн нэгж, байгууллагуудын хандиваар хэрэгжүүлж буй бөгөөд төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн дөрвөн сургуулийн хичээлийн 26 байранд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон 4-5 угаалтуур бүхий шүд угаах буланг шинээр байгуулах аж. Ингэснээр сурагчид өдрийн турш амны хөндийн эрүүл ахуйгаа сахиж, шүдээ зөв угаах дадлыг сургууль дээрээ эзэмших юм.
Хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр байгаа нь уг ажлыг санаачлан хэрэгжүүлэх үндэслэл болсныг орон нутгийн удирдлагууд хэлсэн. Тухайлбал, 2025 онд ерөнхий боловсролын 22 сургуулийн 2557 сурагчийг амны хөнийн эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 88.6 хувь нь шүдний цооролтой, мөн бусад өвчлөлтэй, 81.5 хувь нь шүдээ зөв, бүрэн угаадаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд энэхүү кампанит ажил чухал ач холбогдолтой гэв.
М.Гэгээ