Балдан бэрээвэн хийд
Хаан эзний өлгий Хан Хэнтий нутгийн хойморт дүнхийх Бурхан Халдун их хайрхнаа өвөрлөнхөн миний төрсөн сум оршино. Халх даяар алдартай Өмнөдэлгэр нутгийн минь өнгө үзэмж өдрөөс өдөрт жавхаажиж, өргөжин тэлж буй нь юутай таатай. Эзэн богд Чингис хааны өлгий нутгаар хийх аялалд зориулсан хатуу хучилттай авто зам Өмнөдэлгэр нутагт хүрч, цааш Биндэр, Батширээт, Дадал, БаянАдарга гээд салаалахаар бүтээн байгуулалт ид өрнөж байна. Зам, цахилгаан эрчим хүч дагаж хөгжил ирдгийн бодит жишээг Улсын тэргүүний Өмнөдэлгэр сум үлгэрлэн харуулахаар зорьж буй юм. Тиймдээ нутагт минь “Тэмүүлэл жишиг ногоон хотхон” хэмээх экологид ээлтэй, утаа, угаараас ангид орон сууцын хорооллын барилгын ажил өрнөсөөр. Энэ л сайхан нутгийн нэгээхэн хэсэг, түүхийн олон нугачаанд бүдгэрч, арилаагүй газарт хүүхэд насны минь жаргалтай мөчүүд өнгөрчээ. Өдгөө нутгаа зорих болгондоо, аавтайгаа мотоциклд сундалдан давхиж явсан өдрүүдээ эргэн дурсахад эрхгүй хоолой зангирч, аньсага чийгтэнэ.
АЙЛ ХАРГАНА, БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙД АРИЛШГҮЙ МӨРӨӨ СЭТГЭЛД ҮЛДЭЭЖЭЭ
Монгол хэл бичиг, уран зохиолын багш ээж минь төрүүлсэн талдаа бага нь, өргөсөн талдаа ганц нь. Өмнөдэлгэр, хуучны Хэнтий сумын хойд хэсэг Баянзүрх багийн бага эмчээр насаараа ажиллаж, олон хүүхэд эх барьж авсан буурай (эмээ) С.Дулам минь таван хүүхдийнхээ ууганыг өөрөө авч үлдэж, бусдыг нь үр хүүхэдгүй шахам байсан айлуудад өргүүлжээ. Бага охин Г.Баасанжавыгаа Гаравын Гончигжигмэд гэх үе тэнгийнхээ эмэгтэйд үрчлүүлсэн юм билээ. Ингээд ээж минь насаараа мал дагаж ганц бие амьдарсан Г.Гончигжигмэд буурайгийн минь охин болов. Эрдэм номын мөр хөөж, багш болоод илгээлт өвөртлөн төрөлх нутагтаа очин амьдарч, зуны амралтын саруудыг ээжийндээ очиж өнгөрүүлнэ. Цэцэрлэг, сургуулиа тарсан хүүхдүүд бид ч ээжийгээ даган ааваараа хүргүүлэн буурайгийндаа зусна. Буурайгийнх Хүрээ гурван Жаргалант буюу Баруун, Дунд Жаргалантын голоо бараадан, Ар булагийн дэнжид зусдаг байсан юм. Хол, саахалтад ээжийн минь эгч Сэржмядагийг өргөж авсан хөгшид, тэдний садан төрөл болох айлуудын зуслан үргэлжилнэ. Зуслан толгой, Отготын өвөрт үеэлүүд, үе тэнгийн хүүхдүүдтэй чулуун гэр барьж тоглож ч байв. Буурайгийнх эд хогшил гэхээр юмгүй ээ. Биднийг ор бараагүй байхад Жаргалантын гол дагуу гарсан их хэмжээний түймэрт өртөн, хамаг үнэтэй цайтай эд хогшлоосоо салсан аж. Нэгдлээс түймэрт өртсөн айлуудад гэр бараа, эд зүйл өгсний нэг нь хойморт байх шүүгээ (тумбочка), орос чемодан. Шүүгээн дээрээ буурай минь хоёр хонхтой сэрүүлэгтэй цаг байсхийгээд л аваад тавина. Аав цаг засахыг харж өссөн би засаж байгаа нэртэй бүх эд ангиар нь тараагаад тавьчихдаг байсан учраас агентад цагны орлого оруулдаг болсон биз, буурай минь. Зарим зун Отготын өвөрт зусаж байгаа үеэлийнхээрээ очихдоо би “Та нар металл хайгч бариад энэ энгэрээр явбал миний тараасан цагны шар араануудыг олно шүү” гэж хошигнодог юм.
Шастир түүхийн улбаа болсон энэ Баруун, Дунд Жаргалантад эртний буган чулуун хөшөөнөөс авхуулаад Их эзэн Чингис хааны түүхтэй холбогдох түүхэн дурсгалт газар нэг бус бий. Тухайлбал, Монголын нууц товчооноо тэмдэглэгдэн үлдсэн Айл харгана хэмээх газар нь энэ Хүрээ гурван Жаргалант ажгуу. Түүнд “Тоорил хан, нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы дүү Жаха хамбу нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүжин, цэргээ авч очиж нийлэн буув.
Хунан тэргүүтэн Гэнигэс болон Даридай отчигин тус бүр нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас ийнхүү салж хөдлөөд Химурга горхины Айл харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жүрхиний Сорхату-Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээ болж, Нэгүүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээ болж, Хотала хааны хөвүүн Алтай отчигин нэгэн хүрээ болж, Жамухаас салж хөдлөөд Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж байхад нийлэн ирэв” хэмээн өгүүлдэг бөлгөө. Ийм түүхэн нутагт хонь хурга, үхэр тугал хариулж зуныг өнгөрөөж иржээ.
Хангалын нуур
Нэгэн зуны үйл явдал бүүр түүрхэн санаанд байдаг юм. Ширүүн бороо шаагьсан өдөр хонь, үхэртээ унадаг хул морь чөдрөө тасдан айлын адуутай нийлээд баруун хойш арилаад өгөв. Хөл дүүжлэх унаагүй үлдсэн ээж бид хоёр мориныхоо хойноос явган явсаар уулсын дунд орших нэгэн байшингийн туур, балгас дээр ирж, чөдрөө тасдан дутаасан хул морио барьж авсан юм. Ийнхүү явахдаа анх удаа социализмын нийгмийн үеийн хаалттай бүс Балдан бэрээвэн хийдийн туурь, балгастай танилцаж билээ. Тэр үед их л өндөр өвс ургасан, Их дуганын горломоор явахад зэвэрсэн цөгцний үлдэгдэл, шавар бурхдын эмтэрхий их олддог байлаа. Түүнээс хойш сүм, дуганыг сэргээж, хуучин сахиусыг нь залах үед буюу 1990 онд гуравдугаар ангийн сурагч болчхоод аавыгаа дагаж очив. Өмнөх жил нь Өмнөдэлгэр сумын Соёл, урлагийн гурав хоног Хэнтий аймгийн төвд болж, түүнд оролцсон уран сайханчид бүрэн бүрэлдэхүүнээрээ шахам энэ арга хэмжээнд очсон билээ.
Шинээр модон сүм барьж, тэнд нь Балдан бэрээвэн хийдийн гол шүтээн Цамбашидаг бурхныг уг хийдийн сүүлчийн хамба нарын нэг Доржтовоо гуай, Лувсанцэрэн гуай нар дуганын дээд гонхонд залсан юм даг. Лувсанцэрэн гуай бол хүүхдийн дууны нэрт мастер, Монгол Улсын Гавьяат багш Галмандах агсны аав бөлгөө. Нэр дурдсан хоёр лам өвөө хэлмэгдүүлэлтийн хар бараан жилүүдэд шоронд сууж гарч ирээд мал маллан амьдарч байсан төдийгүй Доржтовоо гуай Улсын аварга малчин болж байсан түүхтэй. Хар дарсан жилүүдэд тэд Балдан бэрээвэн хийдийн гол шүтээнийг уул хаданд нууж байсаар сайхан цагтай золгосон юм билээ.
Хүүхэд насанд гэнэн томоогүй үйлдэл их гаргаж, туршиж үзэх явдал их шүү дээ. Уран зохиол, домог хуучийн номоос “Хэрсэн бухын хооронд мод, чулуу шидвэл улам улангасан мөргөлддөг” гэж уншсанаа туршиж үзэв. Нэг удаа хонь хариулж явтал манай улаан бух, Хэнтий бригадын киномеханикч Жамбал гуайн эрлийз бухтай мөргөлдөх гээд хэрэн зохроод (зарим газарт урамдах гэж ярьдаг, дуугарч буй хэлбэр) байв. Саваагүй хүүхэд би замын хажууд хэвтэж байсан тэрэгний мөөрийг аваад дундуур нь шидчихлээ. Үнэхээр тачигнатал мөргөлддөг юм байна. Төд удалгүй бухнууд салаад сүрэг, сүргийн зүг явсан ч эрлийз бух нэгэн ухаа дээр гараад унаад өглөө. Маргааш нь ч боссонгүй. Бух нь үхсэн байв. Манийг дундуур нь мод шидээд мөргөлдүүлээд айлын үхэр сүргийн манлайг өөрийнхөө бухаар “нухуулсныг” хэн ч мэдэлгүй л өнгөрсөн дөө.
ЗҮРХИЙН БУЛАГ, ХАНГАЛЫН НУУР ЗҮРХЭНД ДАНДАА УЯАТАЙ
Зах зээлд шилжээд унаа машин хувьчлагдаж, хэн нэгний машинд дайгдаад сум, багийн хооронд явах боломж хомсодсон үед буурайгийнх Баянзүрх бригадын төвд Зүрхийн булгийн баруун эрэгт зусах боллоо. Сум, багийн хооронд 7-10 хоногтоо нэг явдаг шуудангийн унаанд хүүхдүүдээ суугаад ирж, очиход амар гэж үзэн замд ойртож буйнх. Бригадын төвийг би хэдэн жилийн өмнөөс гадарлах болсон юм. Учир нь аавтайгаа бригадын өдөрлөгт ирж, Улаан буланд нь УД мотор асаан, “Ломо” өсгөгчөөр дууг нь тохируулан, КН-15/600 аппаратаар кино гаргаж, С.Дулам буурайгийндаа хонож явсан болохоор тэр. Тэр үед нэлээд олон айл бригадын төвд өвөлждөг байжээ. Түүнээс хойш айлууд нь ч багасаж, хашаа, байшингууд ч цөөрч, өдгөө гарын 10 хуруунд багтах байшин үлдсэн юм билээ. Мөн манай сумтай “шеф”-ийн харилцаатай гэх ХААДС-ийн эрдэмтэн багш нар, оюутан, ажилчдын хамтаар Хангалын нуурын амралтад амрахаар ирнэ. Ингэж явахдаа Баянзүрх бригадын төвөөр дайран өнгөрдөг байсан учраас миний хувьд хуучны танил суурин болсон байв. Тэр үеийн ХААДС-ийн багш нараас нэгэн нэр их дотно үлдсэн нь Р.Индра хэмээх багш байлаа. Хожим аавын тайлбарласнаар нэрт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуайн охин тэрбээр надад маш их шоколад бэлэглэж, юмны бараа хараагүй юм шиг бялууртлаа идэж байсан минь өдгөө ч санаанаас гардаггүй юм. Тэр үед Хангалын нуурын амралт олон байр байшинтай, үдэш болгон шахам дуу хөгжмийн хөтөлбөр, кино гаргаж, бүжиг зохион байгуулдаг байв. ХААДС-ийн багш нартай амарч байсан үед юм. Өглөө эртлэн гал тогоонд хүйтэн ус, ундаа эргүүлж явсан миний дэргэдүүр нэг багш хар эрчээрээ нүд нь орой дээрээ гарчихсан гүйж өнгөрлөө. Сониучирхаад дагатал цугларан цайлж суусан багш нартаа “Баавгай, баавгай” хэмээж байсан. Мань багш эмэгтэй өглөө эртлэн босоод агаарын сайханд алхаж явахдаа модон дунд баавгайтай тааралдсан юм байж л дээ. Хангалын нууранд амрагчид шумбацгаана. Их ус үзээгүй би аавынхаа нуруун дээр суугаад л намайг далд ортол сэлэхэд нь ихэд л баясдаг байж билээ.
Гончиг буурайгийнхыг бригадын төв бараадахад дүү бид хоёр сурагч болчихсон, тусад орж эхэлсэн байлаа. Баяраа минь намайг бодвол малд нүдтэй, эмнэг ч сургана. Би болохоор гартаа жаахан бүлтэй, гэрийнхээ тугалыг, Дүүдийн Зоригоо ах, Заяа эгч хоёрт туслан унагыг нь татаж өгнө. Бас гараараа сур элдэнэ. Буурай намайг магтаад зунжин гараар сур элдүүлдэг сэн. Шүүлсэн сурны үнэр ч хэцүү, орчин үеийн, хот газрын хүүхдүүд бол ойртох ч үгүй шүү дээ. Өвлийн идэшний үхрийн ширээ шүүлж, болгоод нэг талаас нь надаар бариулаад буурай өөрөө зүснэ. Тэгээд л сур болгоод хонинд явахад хүртэл мушгиулаад, хад асганд гуяд гээд бариулчихна. Баяраагийн сур хатаж, хатуурлаа гээд надад нэмээд өгчихнө. Бригадын төвийн хойдох Баянханы энгэр, Борбулаг, Шохойтын даваа, Яргайт гээд хонь, үхэрт явж, гишүү ачиж ирж байсан зам харгуй өдгөө бараг л хэвээрээ.
Анх бригадын төвд суурьшсан жил буурайг малдаа явсан хойно шуудангийн унаанаас буусан дүү бид хоёр ойр саахалтын Хайнаагийнх гэх айлд түр ороод сууж байлаа. Тэр үед эрэгтэй хүн хөнжил, дэрний уут чимэглэн хатгамал хатгаж суухыг хараад гайхширч билээ. Үнэхээр уран нарийн хатгамал урлаж байсан юм даг. Анх удаа эрэгтэй хүн хөх зүү хөндлөн барихыг харсан минь тэр л дээ. Тэр зун Хандын Дамдин гэх эмнэг сургадаг ах, Намтарын Ганболд, Өлзийн Жамц, Лувсандорж гэх настнуудтай Зүрхийн булгаа даган, Баянханаа өвөрлөн зусаж, намарждаг танилуудтай болж билээ.
Сумын наадам ойртоход аав минь мотоциклоороо давхиж ирээд намайг авч буцна. Өөртөө туслуулах гэж тэр л дээ. Наадам, Цагаан сартай зэрэгцээд сумынхны зурагт, радио жагсаалаас гарч, засуулах гээд манайд овоолчихно. Байшингийн минь урд өрөө гишгэх газаргүй шахам болтлоо зурагт, радио овоолсон байх нь ч бий. Засвар хийхтэй зэрэгцээд баяр наадмын хөтөлбөрөө аав гараараа бичиж, клуб (Соёлын төв)-ийнхээ гадаа өлгөнө. Наадмаас өмнө гоёлоо бэлдэхээр морьтой орж ирсэн залуус өлгөсөн даруйд эгнэн зогсоод уншдаг байсан нь санаанд тодхон байна. Дунд анги төгсөөд, ахлах ангид орсон жилүүддээ би засах, бичих ажилд нь оролцдог болсон. Манай гэрээс баруухан талд “Өндөр настны гуанз” гэж байлаа. Өндөр настнууд нийлж гуанз ажиллуулдаг. Дулам буурай минь тэнд бас нэг хэсэг бууз, хуушуур хийлцэж зардаг байв. Бригадын төвөөс нүүгээд баруун эгнээнд нэг хэсэг байснаа тэндхийн хашаанд төвхнөснөөр өөрөө тэр гуанзандаа ажилладаг болсон юм. Аав бид хоёр залхуурсан үедээ гурван төгрөгөөр гурвын бидон дүүрэн бууз, хуушуур авчраад л идчихдэг байлаа.
Наадмын маргааш намар гэдэг үг хөдөөгийн малчдын их ажилтай салшгүй холбоотой. Хадландаа гарахдаа бэлтгэж хадуур, тармуур, морь уналга, майхан саваа бэлдээд хэд хононо. Нэгдэл тарж, мал хувьчлагдан айл болгон амин зуулгын тав, арван малынхаа өвс, хадланг бэлддэг болсон жилүүдэд буурай ч бас биднийг ийм ажилд сургалаа. Аав минь 2-3 гар хадуур авчран ирлэж, Шохойтын давааны ард хадлан хадсан юм. Халуун өдрүүд үргэлжилж, шумуулын хоол болсон мань мэт гараар өвс хадах, морь унаад бухал чирэх нь ээ дээ, тун чиг тээртэй ажил байж билээ. Буурай ч үүнийг гадарласан биз, садангийнхаа трактортай хүмүүсээр хадлан хадуулж, бухал, нуруу хийхэд нь Баяраа бид хоёр зарагддаг болсон доо.
ХАНГАЛ, ХАНХАР, ЗАНДАН ХААНА Ч ЯВСАН ДУРСАГДАНА
Гончиг буурайгийн нас өндөр болж, садан төрлөө бараадан Өргөн Мандалд зусдаг боллоо. Энэ үед дүү бид хоёр 6-8 дугаар ангийн сурагчид болсон байв. Аавынхаа эвлүүлж босгосон “Иж-2, 3, 4, 5”-ын нийлмэл мотоциклыг унаж давхина. Нийгэм өөрчлөгдөж, тарваганы арьс үнэд орсон цаг л даа. Буугаа хүүхдүүд бидэнд бариулна гэж огт байхгүй. Мотоциклоо бариулчхаад өөрөө ард суугаад явж байхад үсэрч буугаад тарвага сахина. Хангал, Ханхар, Зандангийн даваа, Баруун голын эх, Зүүний гол, Цагаан даваа гээд тарвагачилаагүй газар аавд үгүй. Намар орой болтол, тарвага ичтэл шахам явдаг байж дээ. “Угаасан” (ангийн хишиггүй ирснээ аав ингэж хэлдэг байв) өдөр ч бий. Мотоциклдоо дааж ядтал ачсан өдөр ч байсан. Ингэж өдөржин тарваганд явдаг атлаа өөрөө огт амсдаггүй хүн байлаа. Тарвагачилж яваад ирэхэд нь аанай л зурагт, радио, машин мотоциклын цахилгаан эвдэрсэн гээд аавыг хүлээн сурагласан хүмүүс тосно. Ядарсан үедээ ч цааргалаад маргааш, нөгөөдөр ир гээд явуулдаг байв. Заримыг нь тэр даруйд учрыг нь олоод л буцаана.
Аавыг дагаж юм засаж сурсныг минь найзууд нэг удаа ашиглаж, эцэг эхчүүдээсээ жавтий хүртэхээс мултарч байсан юм даг. Багын найз Л.Чулуунбаатар, Р.Энхбаатар нар минь нэг өдөр тарваганд явдаг баатрууд болов оо. Тэр үед Б.Бат-Эрдэнэ аварга улсын наадамд 10 дахиа түрүүлсэн жил. Нутагтаа амарч, Лууяа (М.Лувсангомбо) ахын хамар хашаанд байх хүргэн ах Фрунзе багшийнд ирээд өдөр нь машинтайгаа гарсан байв. Ханхарын давааны хавьд манай хоёр найз их аваргатай таарч, харж явснаа мотоциклтойгоо уначихаж. Аавынхаа мотоциклын урд тэнхлэгийг гулзайлгаад хүрч ирэхэд нь би гэдэг хүн засмар аядлаа. Маргааш нь Лууяа ах мотоциклоо унаж манайд ирээд аав, Рагчаа (Н.Рагчаабазар) дарга, С.Баатарсайхан гуай гэсэн үе тэнгийнхэн хуучилж суухдаа намайг ярьж байдаг шүү. “Юм засахдаа аавынхаа шийрийг хатаажээ. Хүүхдүүд болсон юм хойно гэнэн байна. Тосоо дутуу арчсанаас нь л Маадайг мотоцикл унаж яваад ойчиж, Цоомоогоор засуулсныг мэдлээ. Түүнээс биш мэдэхгүй л өнгөрөх байж” хэмээж байв. Аав тэгэхэд намайг “Хүний юм эвдэх гэлээ” гэж тэдний дэргэд зэмлэсэн ч цаанаа бахархангуй байгаа нь нүднээс нь мэдрэгдсэн юм.
Нэг удаа аав бид хоёр тарвагачилангаа Өргөн Мандал байгаа буурайгийнхыг зорилоо. Үдийн үед гарсан бид Барууны гол өгсөөд хуучин Наран бригадын төв байсны ойролцоо явж байтал мотоциклын тахир гол хугарчихдаг юм байна. Айлаас хол газарт эвдэрсэн учраас сумын төв рүү 20-иод км газар гүйж сэлбэг аваад алт, мөнгөөр дарх хийж байсан Галаа ахын ажлыг орхиулан дайчилж буцаж очоод унаагаа засан ирж билээ.
Энэ мэтээр Өөдөө заяат Өмнөдэлгэр нутгийн минь уул ус, даваа гүвээ болгон аавтай минь холбоотой бичээд байвал барагдахгүй их дурсамжийг хүүрнэн, сэдрээж байна.