
Оюутнуудын томоохон эсэргүүцлийн жагсаалын үр дүнд Энэтхэгийн Боловсролын сайд Дармендра Прадхан албан ёсоор огцорлоо. Тэрбээр өргөдлөө олон нийтэд зориулсан нээлттэй захидлын хамт X хуудсандаа нийтэлж, “Сүүлийн 10 хоногт өрнөсөн үйл явдалд гүнээ харамсаж байна” хэмээсэн юм. Өнгөрсөн сард элсэлтийн шалгалтын материал задарч, албан тушаалтнууд бусад дүрэм журмыг зөрчсөн тул залуу үеийнхэн боловсролын системийг шинэчлэх, сайдад хариуцлага тооцож, огцруулахаар жагсаж эхэлсэн. Шинэ Дели хотын Жантар Мантар талбайд тэмцлээ эхлүүлсэн тэднийг тууштай дэмжсэн Сонам Ванчук 26 хоног үргэлжилсэн өлсгөлөнгөө зогсоосон гэнэ.
Тэмцлийн үеэр жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас олон арван хүн гэмтжээ. Эл үйл явдал нь 2014 оноос эрх барьж буй Нарендра Модигийн Засгийн газрын хувьд томоохон сорилт болсныг эх сурвалжууд мэдээлсэн. Ташрамд, Прадханы огцрох шийдвэрээ Шалгалтын материал задруулах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төслийг баталснаас нэг хоногийн дараа гаргасан аж. Тус хуулийн төсөлд шалгалтын материалыг задруулсан этгээдэд 10 хүртэлх жилийн хорих ял оноох, эсвэл 10 тэрбум рупи хүртэл торгууль ногдуулах, ийм төрлийн хэргийг таван сарын дотор багтаан шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.