Нийслэлийн Боловсролын газар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимтэй хамтран өсвөр насны хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийн талаар нэгдсэн судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнг уржигдар танилцуулж, хамрагдсан сургуулиудад тайланг хүлээлгэн өгчээ. Нийслэлийн 25 сургуулийн 10 000 гаруй сурагч, 1200 гаруй багшийг тус судалгаанд хамруулсан бөгөөд сурагчдын 20.1 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өндөр түвшинд өртсөн гэсэн дүгнэлт гарсан байна.
Сурагчдын хувьд 57.2 хувь нь буюу олонх нь цахим орчинд хамгийн их дээрэлхэлтэд өртдөг гэжээ. Харин багш нарын 35.1 хувь нь ажлаас халшрах хам шинжид өртсөн байна. Багш нарын 83 хувь нь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн сургалт, арга зүй шаардлагатай гэж үзжээ. Судалгааны үр дүнд үндэслэн дээрх сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийнхэн сурагч, багш нарт чиглэсэн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буй аж.