
ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиногийн байр суурь өдөр өдрөөр суларсаар байна. Түүнд үл итгэл үзүүлж, цаашид хамтран ажиллахаас татгалзаж буйгаа илэрхийлэх, улмаар албан тушаалаас нь буулгах талаар Европын хөл бөмбөгийн холбоод хэлэлцэж буй талаар “The Guardian” мэдээлжээ.
ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЭСЭРГҮҮЦНЭ
Ж.Инфантиног ирэх жил болох ФИФА-гийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжиж буйгаа бичгээр илэрхийлсэн гишүүн улсуудад тэдгээр захиагаа нэн даруй эргүүлэн татахыг УЕФАгийн ерөнхийлөгч А.Чиферин анхааруулсан гэж наймдугаар сарын 1-нд сэтгүүлч Б.Жэйкобс мэдээлсэн. Түүний хүсэлтийг ч улсууд хүлээн авсан нь тодорхой байна. “The Guardian”-ий мэдээлснээр Герман, Румын, Норвегоос бусад Европын улс швейцар эрхмийг сонгуульд дэмжинэ гэдгээ илэрхийлээд байсан аж. Гэвч сүүлийн өдрүүдийн дараалсан дуулианы дараа холбоод байр сууриа өөрчилж эхэлсэн бөгөөд эхнийх нь Уэльсийн хөл бөмбөгийн холбоо болов. “Хөл бөмбөгийг нэгдүгээрт тавьж чадахгүй байгаа нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй алдаа мөн. Ноён Инфантино хөл бөмбөгийн ертөнцийг цаашид удирдаж чадна гэдэгт бид эргэлзэж байна” хэмээн тус улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүн мэдэгдсэн тухай Б.Жэйкобс өгүүлжээ. Харин “The Telegraph” сонинд бичсэнээр бол Ж.Инфантино хэрэв сайн дураараа албан тушаалаа өгөхгүй бол түүнийг сонгуулиар унагахын тулд өөрт байгаа бүхий л хүчин чадлаа УЕФА ашиглахаар зэхэж байгаа гэнэ. ФИФА-гийн хамгийн хүчирхэг холбоодын нэг УЕФА-гийн нэр хүнд, гишүүн улсуудын тоог тооцвол энэ нь бүрэн боломжтой юм. Зөвхөн европчууд төдийгүй олон улсын бусад холбоо, улсууд ч тэдний саналыг дэмжих өндөр магадлалтай. Сэтгүүлч Б.Жэйкобсын мэдээлснээр Ж.Инфантиног орлох боломжтой хүмүүсийн тоонд КОНКАКАФ-ын тэргүүн В.Монтальяни оржээ. Мөн ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер Аль Хелаифигийн нэр ч сонсогдож буй.
Ж.ИНФАНТИНО ЯМАР ХЭРЭГ ТАРИВ
Саяхан өндөрлөсөн хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай ихээхэн сүжирсэн, тус улсын шигшээ багийн довтлогч Ф.Балогуны улаан хуудсыг “өршөөсөн” зэрэг үйлдлээсээ болж Ж.Инфантино ихээхэн шүүмжлэлд өртсөн. Гэхдээ ДАШТ-ийг түүхэнд байхгүй өндөр орлоготой зохион байгуулсан тэрбээр ирэх жилийн гуравдугаар сард болох ФИФАгийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах гол хүн хэвээр үлдэж чадсан юм. Гэвч өнгөрсөн сарын сүүлчээр швейцар эрхэм хөл бөмбөгийн ДАШТ болон бусад томоохон тэмцээний хэвлэл мэдээлэл, ивээн тэтгэлэг болон холбогдох эрхийг тусдаа компанид өгөх төлөвлөгөө гаргаснаа олон нийтэд зарласан. Тодруулбал, “FIFA forward enterprisе” компанийг байгуулж, 20 хувийг нь гадаадын хөрөнгө оруулагчдад зарах юм. Энэхүү наймааны дүнд ФИФА бараг 4.2 тэрбум ам.долларын орлого олох боломжтой байлаа.
Сонирхолтой нь, уг компанийг авах боломжтой хүний тоонд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хүргэний ах Ж.Кушнер байсан юм. Улмаар Ж.Инфантино өөрөө тус компанийг удирдахаар санаархаж байв. Ингэсэн тохиолдолд түүний цалин 10 дахин өсөж, 2.6 саяас 26 сая евро болох байжээ. Тэрбээр уг компанийг байгуулахаар тун шуурхай хөдөлж, улс бүрийн холбоодыг яаралтай хариугаа өгөх, үүнийх нь хариуд мөнгөн урамшуулал олгоно хэмээн лобби хийж эхэлсэн билээ. Харамсалтай нь, түүний энэ санаачилгыг гаргасан даруйд УЕФА эрс эсэргүүцэж, олон улсын тэмцээнүүдэд харьяа шигшээ багуудаа оролцуулахаас татгалзана гэж мэдэгдсэн. Энэ жишгийг КОНКАКАФ, КОНМЕБОЛ, Африкийн хөл бөмбөгийн холбоо ч дагахаа илэрхийлсэн. Эдгээр хариу арга хэмжээний дараа Ж.Инфантино уг саналаас татгалзсанаа илэрхийлсэн ч нэр хүнд нь сэвтсэн юм. Магадгүй, түүний албан тушаал ч эрсдэлд орж магадгүй.
Н.ЭНХ