АНУ-ын Вашингтон мужийн Спокейн хотын захад гурав дахь өдрөө асаж буй ой, хээрийн түймрийн улмаас 700 гаруй барилга, байгууламж шатаж, 64 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд буй талаар өнгөрсөн даваа гарагт албаныхан мэдээлэв. Одоогоор эл түймэр 8000 орчим акр буюу 3200 га талбай хамраад байгаа аж. Мөн агаараас хийсэн хэт улаан туяаны тандалтын мэдээлэлд дурдсанчлан дахин 400 орон сууц эвдэрч сүйдсэн байх магадлалтай байна. Мужийн захирагч Боб Фергюсон “Маш олон иргэн хэдхэн цагийн дотор бүхнээ алдлаа” хэмээсэн. Одоогоор хүн амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн тухай албан ёсны мэдээлэл гараагүй ч тодорхой тооны иргэн сураггүй алга болоод буй юм. Ойролцоогоор 230 мянган хүн амьдардаг, Роки нурууны бэл, Айдахо мужийн хилийн ойролцоо оршдог эл хотод дэгдсэн түймрийг унтраахаар 1100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа гэнэ.
Харин АНУ даяар нийт 29 200 алба хаагч ой, хээрийн түймэртэй тэмцэж буй бөгөөд тэдний олонх нь Орегон, Вашингтон, Айдахо мужид төвлөрсөн гэж Үндэсний агентлаг хоорондын гал түймрийн төвөөс мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт л гэхэд тус улсын 15 мужид 100 гаруй томоохон гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс цөөнгүй нь ган гачигтай Номхон далайн баруун хойд бүсэд аж. Спокейны зарим хэсэгт цаг агаар түр сэрүүсэж, салхи намдах төлөвтэй ч энэ долоо хоногийн дунд үеэс хэт халалт, хуурайшилт эргэн ирэх магадлалтай гэв. Ташрамд, Үндэсний агентлаг хоорондын гал түймрийн төвийн мэдээлснээр энэ оны эхнээс өнөөг хүртэл тус улсад ой, хээрийн 44 722 түймэр бүртгэгдэж, нийт 5.2 сая акр талбай шатсан нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хойд Америк, Европ болон дэлхийн бусад бүс нутаг “шатаж” буй нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, ган гачиг, хэт халалтын давтамж нэмэгдсэнтэй холбоотой хэмээн эрдэмтэд үзэж байна.
Д.ХЭРЛЭН