Монголчууд жилийн дараа долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Парламентад суудалтай МАН, АН, Х ̄Н, ИЗНН болон үндэсний эвслээс уг сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс түүхэнд анх удаа Төрийн тэргүүний төлөө хамгийн олон хүн өрсөлдөх юм. Албан бус сунгаа намуудад хэдийн эхэлж, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Ганбаатар нар дотоод сунгаандаа өрсөлдөхөө мэдэгдээд байна. Хамгийн сүүлд ИЗНН-ын гишүүн, философич С.Молор -Эрдэнэ Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэлээ. “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд парламентад суудалтай аль нэг нам ooрт нь санал тавивал Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд бэлэн гэсэн “өөдрөг” хүслээ илэрхийлсэн.
Харин эрх баригч намаас хэн нэг улс тoрч тэдэн шиг ил тодоор мэдэгдэл хийсэнгүй. Оронд нь мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр өөрийгөө бичүүлж, тандалт хийж буй. Тэд эцсийн дүрээ тодруулахаас oмнo нам дотроо нэлээд “алалцах” шинжтэй байна. Жижигнамуудын талцал нэг их газар авдаггүй бол эрх баригчдынх улс орныг “самардгийг” бид өнгөрсөн оны төгсгөлөөр хангалттай харсан билээ.
Тус намын УИХ дахь бүлэг уржигдар Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийж, төсвийн тодотгол, цаг үеийн нөхцөл байдлаа ярьсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан гэх. Сөрөг хүчнийхэн Н.Учралын Засгийн газрыг огцруулж, хариуцлага тооцно хэмээн зүтгэж буй. Эл саналаа ажил хэрэг болгоход нь дутах 23 товчлуурыг МАН дахь 1980-аад оны бүлэглэлийнхэн хангалттай бүрдүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд түгшиж, Засгийн газраа авч үлдэхийн тулд арга саам хайж буй. Бүлгийн өргөтгөсөн хуралдааны үеэр ч эл асуудлыг хөндсөн биз ээ. Засгийн газрыг “айлгах тактик” нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбогдож байгаа юм.
Эрх баригч намаас Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, гишүүн Б.Жавхлан, С.Амарсайхан, Ж.Энхбаяр гэх мэтээр горилогчийн жагсаалт хөвөрч байна. Ерөнхий сайд, УИХын дарга асан М.Энхболд, хотын дарга асан Д.Сумъяабазар нарт ч санаа бий. Тэдний идэвх эрс сэргэж, горилох жагсаалтад “нэр дэвшээд” буй. Өнгөрсөн оны төгсгөлд МАН-ынхан хоёр талцаж, улмаар Засгийн газрыг огцруулж, УИХын даргыг солиход хүрсэн. Тухайн үед Л.ОюунЭрдэнийг огцруулж, оронд нь Г.Занданшатарыг томилохдоо л 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг МАН-аас нэр дэвшүүлэх төлөвлөгөөтэй тухай мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тамгын газрын даргаа эхлээд Ерөнхий сайд, удаад нь Төрийн тэргүүн болгохоор төлөвлөжээ. Авлигын хэрэгт нэр холбогдож, тун таагүй байдлаар огцорсныхоо бурууг өөрөөсөө хайхын оронд Ерөнхийлөгчтэй эв эвдрэлцсэнээс л үүдсэн хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүн ярьсан. Тиймээс ч тэрбээр эрх мэдлээ буцааж авах бүх л аргыг хайж, “ажиллагаа” өрнүүлсээр ирсэн юм. Хоёр жилийн дотор Засгийн газрыг гурван удаа сольсны ард түүний, тодруулбал, захиалга өгдөг “том ах”-ынх нь оролцоо бий гэхэд болно.
Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд 1980аад оны бүлэглэлээс одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг сойх сонирхолтой тухай хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хоёр ч Засгийн газарт Шадар сайдаар ажилласан, Г.Занданшатарын үед ч энэ албаа үргэлжлүүлсэн юм. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргахад танхимынхаа эсрэг санал өгч, Л.Оюун-Эрдэнэтэй “амь нэг” болохоо харуулснаар хөөгдсөн түүхтэй. Хотын дарга, гурван ч Засгийн газарт Шадар сайд байсан хэдий ч энэ хүний эх орон, ард иргэдийн төлөө хийсэн гавьяа, ажил гэж үгүй. Төсвийн олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, зөөврийн усан оргилуур барьснаас илүүг чадахгүйгээ хангалттай харуулсан. Гэтэл түүнийг Ерөнхий сайд асан зүтгүүлсээр ХЗДХ-ийн сайдаар томилуулаад авсан. Одоо Ерөнхийлөгч болгоно гэдэг “шантааж” хийж буй гэх. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй ийм хүнийг Төрийн тэргүүнд нэр дэвшүүлбэл МАН сонгуулийн ялагдлаа л даллах болов уу. У.Хүрэлсүх, Н.Уч ралын талынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, бас эрх мэдлээ алдахыг хүсэхгүй. Ингээд тохиролцох арга замаа хайсаар байгаа аж. Төсвийн тодотголыг өргөн барихдаа Засгийн газраас төрийн өмчит компаниудын дансанд хуримтлагдсан мөнгийг төсөвт татаж, зарцуулах эрхийг нь УИХ-ын гишүүдэд өгөх гэсэн ойлгомжгүй санал тусгаад буй. Үүнийг Засгийн газрын эсрэг санал өгөх магадлалтай гишүү дийг “хахуульдах” оролдлого гэсэн хардлага бас гарчээ.
Ямартай ч МАН дахь олонхын бүлэглэлээс нь Г.Занданшатарыг тууштай зүтгүүлж байгаа бололтой. Зарим нэг судалгааны байгууллагаас түүний рейтинг хамгийн өндөр байгаа тухай мэдээллийг түгээж буй юм. УИХ-ын сонгуульд ялагдсан, Ерөнхий сайдаар ажиллах гээд бү тэлгүйтсэн энэ эрхэм одоо Төрийн тэргүүн болж барах, эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын дарга С.Бямбацогтын тухайд Ерөнхийлөгчид горилохгүй гэдэг амлалт өгч байж уг албан тушаалд очсон гэдэг. Өөрөө ч нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ улс төрчдийн үг үнэн байдаггүй. Одоо Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд хийж буй Ж.Энхбаярын нэр ч уламжлал ёсоор горилогчдын жагсаалтад бий. Монгол Улсад байж болох бүх л өндөр албан тушаалд үргэлж горилдог, ханаж цаддаггүй нэг хүн нь тэр.
АН
АН-ынхан эрх баригч нам доторх бүлэглэлийнхний арга мэхэнд унаж, нэг л хөлөө олохгүй яваа. Одоогийн дарга О.Цогтгэрэлийг туйлбаргүй, тулхгүй хэмээн намын гишүүд, дэмжигчдийн дундаас нь шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд энэ нам олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хэлэх үг, хийсэн ажилтай хүнийг л олж дэвшүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс 2028 оны сонгуулийн үр дүн ч эргэлзээтэй болно. Горилогчдын жагсаалтыг олон нийтэд байр сууриа ил тод хэлсэн хүмүүсээс гадна АН-ын генсек С.Баярцогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар үргэлжлүүлж буй.
Нам нам сольж, насаараа Ерөнхийлөгчийн суудал зүүдэлсэн С.Ганбаатар өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ, бэлэн болсон хэмээн мэдэгдсэн. Тогтвортой үзэл бодол, байр суурьгүй, “хамхуул” мэт энэ гишүүнийг АНыг төлөөлж нэр дэвшүүлтлээ тус намынхны сэтгэхүй дордоогүй гэж найдна. Согтуугаар жолоо барьж осол хийдэг, төлөвшиж завдаагүй Б.Пүрэвдорж гишүүн энэ албан тушаалд жулдана. Харин Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, туршлагатай улс төрч С.Баярцогт хоёр хамгийн магадлал өндөр сонголт. Л.Гантөмөр бол алтан дундаж.
ХҮН
Тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ иргэдээс асуух гэнэ. 2021 онд тэд “Ерөнхийлөгчөө захиалъя” аян өрнүүлж, олон нийтээс санал асууж байсан аж. Ямартай ч тухайн үед УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг урьж, нэр дэвшүүлснээр 21.6 хувийн санал авсан билээ. Тэр үед ХҮН намын дарга Т.Доржханд Ерөнхийлөгчид нэр дэвших насанд хүрээгүй байсан юм. Харин одоо тэр болзол хангаж буй. Тиймээс ч 2021 онд намынх нь нэрийг тахалж, чамлахааргүй санал авсан дээрх хүнийг өнөөдөр “Бид тэр үед тэтгэвэртээ гарсан эрдэмтнийг нэр дэвшүүлсэн” хэмээн ярьж сууна. Энэ хандлагаас нь л түүний ямархуу улс төрч гэдгийг харж болно. Тэрбээр “Миний хувьд ХҮН намын дарга, Шадар сайдын ажлаа 2028 оны сонгууль хүртэл үргэлжлүүлж, эрчим хүчний салбарт хийсэн ажилтай, өв болгох зүйл үлдээхийг илүүд үзэж байна. Гэхдээ олон нийт намайг нэр дэвш гэвэл болно” гэсэн хариулт өгчээ. Сонгууль дуустал Шадар сайд хийх, эрх баригч байх их амбиц түүнд байх нь. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ч ялах магадлал үгүй, өнөөх “тэтгэвэртээ гарсан” улс төрчийнхөө дайны ч санал авч барахгүйгээ гадарлаад байгаа бололтой.
Дутагдаж байсан гуравдагч хүчний орон зайг нөхнө хэмээн итгэсэн сонгогчид ХҮН намд санал өгч, зургаан гишүүн сонгогдсон. Гэвч тэд сөрөг хүчин хийхийн оронд үүлэн чөлөөний нар мэт олдсон ганц боломжоо ашиглан эрх барилцах, сайд хийхийг илүүд үзэж, иргэдийн итгэлийг хугалсан юм.
ИЗНН
Энэ намынхан ирэх сонгуульд дангаар оролцоно хэмээн нэр дэвшүүлэх, арай илүүхэн санал авах магадлалтай хүн хайгаад яваа. ИЗННын цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан С.Оюунд намын дарга Б.Батбаатараас санал тавьсан ч татгалзсан хариу авсан. Тэгвэл тус намын гишүүн, филисофич С.МолорЭрдэнэ өөрийгөө Ерөнхийлөгчид тэнцэнэ гэж үзжээ. Тиймээс намынхаа нэр дэвшүүлэх сунгаанд оролцохоо мэдэгдлээ. Гэхдээ түүний дэргэд Б.Батбаатар нь ядаж УИХ-д хоёр удаа сонгогдсон, намын дарга учраас арай дээр сонголт болох биз ээ.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
Монголын ногоон нам, МҮАН-аас бүрдсэн Үндэсний эвсэл ч бас нэр дэвшигчээ олоогүй байгаа. Тус эвслээс МАК ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нямтайширыг Төрийн тэргүүний сонгуульд сойно гэсэн мэдээлэл гараад буй. Тэр бол уг эвслийн тэргүүн Н.Номтойбаярын аав. Гэхдээ улс төрийн албан тушаал хашсан ямар ч туршлагагүй энэ эрхэм тийм сонголт хийхгүй л болов уу. Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 50 нас хүрээгүй учраас өөрөө нэр дэвшиж чадахгүй. Харин тус эвслээс УИХ-ын гишүүн А.Ундрааг нэр дэвшүүлбэл илүү дээр сонголт байж мэднэ.
Өнгөрсөн найман удаагийн сонгуулиас харахад гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд л өрнөж ирсэн юм. Гэхдээ гуравдагч хүчнүүд зөв хүнээ сойж чадвал амжилт олох магадлал бий. Горилогчид тодорч буй ч аль намаас хэнийг нэр дэвшүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргах хугацаа болоогүй байна. Түүнээс өмнө зарим нь өөрийгөө, эсвэл бүлэглэл нь “утсан хүүхэлдэй”-гээ зүтгүүлж буй. Уг нь Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог, бүх нийтийн эв нэгдлийг илэрхийлэгч, намаас түдгэлздэг албан тушаал. Гэтэл уг албан тушаалд нэр дэвшигчийг бүлэглэлийн шантааж, барьцаа, эсвэл сайн дурынхны зүүд, мөрөөдөлд тулгуурлан тодруулах гэдэг оролдлого лавширч байгаа нь эмгэнэл.