Улаанбаатарт төдийгүй орон нутагт шатахууны хангамж муу, ялангуяа АИ-92 авто бензинд дугаарлах явдал тасрахгүй байгаа билээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр хотын төвийн зарим шатахуун түгээх станцад АИ-92 борлуулахгүй байсныг иргэд мэдээлсэн. Энэ талаар АҮЭБЯныхнаас тодрууллаа. Тус яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “Москва дахь газрын тосны томоохон үйлдвэр өнгөрсөн баасан гарагт дроны халдлагад өртсөн. Мөн Оросын зарим төмөр замын засвар, үйлчилгээний ажлаас шалтгаалж нийлүүлэлт багассан гэхэд болно. Үүний улмаас Москвад гэхэд өнөөдрийн (өчигдөр) байдлаар нэг автомашинд 30 литрээс ихгүй шатахуун олгож, хязгаарлалт тогтоосон байна. Салбарын яамны зүгээс дотоодын хангамжаа аль болох тогтвортой байлгахад анхаарч буй. Боломжоороо ажиллаж байгаа бөгөөд үнэ ханш нэмнэ гэж санаа зовох зүйлгүй. Мэдээж шатахууны байвал зохих нөөцийн хэмжээ хэвийн үеийнхээс багассаныг хүлээн зөвшөөрнө” гэлээ. Ташрамд дурдахад, манай улс шатахууны байвал зохих 25-30 хоногийн нөөцтэй байв. Түүнчлэн өчигдрийн байдлаар АИ-92 литр нь 3040, Евро-92 нь 4970, АИ-95 нь 4980, дизелийн түлш 4760 төгрөгийн ханштай байгаа нь жилд 60 хүртэлх хувиар өссөн дүн юм.
С.Дулам