Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр дахь удаагаа шүүгч болон шүүгч бус гишүүдийг нь сонгон шалгаруулж, УИХ-аас томилоод байна. Энэ хугацаанд тус зөвлөл бүрэн төлөвшиж чадсан уу, чадварлаг шүүгчдийг олж томилуулсан уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ зөвлөлд нэрээ дэвшүүлсэн хүмүүс нь ч ёс зүйтэй байж чаддаг уу. Нэг бус нэр дэвшигчийн ёс зүйгүй үйлдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны сонсголын үеэр сөхөж байв. Тухайлбал, тус байнгын хорооноос зарласан судалгааны ажлын төлбөрийг авсан атлаа хийсэн юмгүй алга болсон өмгөөлөгч эмэгтэй ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлэн, томилгооны сонсголд оролцсон юм даг. Сонсголын үеэр өнөөх өмгөөлөгчөөс байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн мөнгө болон үр дүнгээ нэхэж нүүрийг нь улалзуулсан билээ.
ШЕЗ-ийн гишүүд бол бүгд хуульч, эрх зүйч. Гэвч хууль, журмаа зөрчих явдал ажиглагдах боллоо.
СОНГОГДОХ ЭРХЭД ХАЛДАВ
Монгол Улсын Үндсэн хуулийн 49.4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан. Харин энэ хуулийн 16.4-т “Ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох”, 16.9-д “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” хэмээн тусгаж, монгол хүний эрхийг баталгаажуулсан билээ.
Гэвч ШЕЗ Үндсэн хуулийн заалтуудыг зөрчөөд байна уу гэлтэй ажиллаж байна. Бодит жишээ ч цөөнгүй. Тухайлбал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэтэй холбоотой, түүний сонгогдох эрхийг ШЕЗ зөрчсөн байж болзошгүй үйлдлийг нэрлэж болно. Тэрбээр тус зөвлөлөөс зарласан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэрээ дэвшүүлэхээр хандсан аж. Гэтэл эл зөвлөлийн шүүгч болон шүүгч бус гишүүнээр сонгогдсон гишүүдийн олонхын саналаар бүртгэхээс татгалзжээ. Уг татгалзсан тогтоолыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-нд хэлэлцсэн байна. Уг шүүх хуралд хариуцагч талаас ШЕЗ-ийн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Т.Сосорбарам, Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл (өнгөрсөн өвөл байгууллагынхаа шинэ жилийн баярын үеэр бусдад халдсан гэх хэл аманд өртөж байсан ч хариуцлага хүлээсэн, эсэх нь тодорхойгүй дарагдсан) нар оролцон бүртгэхгүй байх үндэслэлээ ярьсан аж. Шүүхээс Т.Мөнх-Эрдэнийг бүртгээгүй нь хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Энэ талаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ энэ сарын 20-нд фэйсбүүкт “Захиргааны хэргийн шүүх үнэн мөнийг тогтоож өглөө. Миний нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох намайг Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан тогтоолын эсрэг захиргааны хэргийн маргааны шүүх хуралдаан өнөөдөр болж, шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол хууль бус байсан болохыг тогтоож өгөв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус тогтоолын улмаас зөрчигдсөн үндсэн эрхээ эхний байдлаар сэргээн тогтоолгов” хэмээн бичсэн байв. Давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бий учраас хариуцагч буюу ШЕЗ-ийнхөн түүнийгээ эдлэх биз. Тус зөвлөлийн хууль зөрчсөн шийдвэрээс болж сонгогдох эрх нь зөрчигдсөн шүүгч ганц дээрх шүүгчээр тогтохгүй юм билээ. Өөр нэг бус шүүгч “Зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн зарим нь одоо болтол хангагдаагүй” гэж цахим сүлжээнд бичсэн нь бий.
Сонгогдох эрхэд халдсан байх магадлалтай тохиолдол дээр өгүүлсэн жишээгээр тогтохгүй. Тухайлбал, 2025 онд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалт зарлахад шүүхийн гал тогоог барьж буй буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга тэргүүтэй ижил төрлийн алба хашдаг цөөнгүй хүн нэрээ дэвшүүлсэн байдаг. Гэтэл өдгөө шүүхийн Тамгын газруудыг хариуцдаг ШЕЗ нь тухайн үед шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн зарим хүнийг хавчих, гадуурхах болсон хэмээн шүүхүүдийн эгэл жирийн албан хаагчдын дунд эрчимтэй яригдах болов. Зарим шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнуудыг баримтат кинонд дүрээ үлдээсэн тохиолдлыг ШЕЗ нь өлгөн авч тэднийгээ хавчиж эхэлсэн явдал ч байна. Шүүхийн захиргааны ажилтнууд буюу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гэж цаг наргүй ажилладаг залуус нь ахуй амьдралаа сайжруулахын тулд орон сууцын квот хүсэхэд элдэв өнгөөр гоочилдог талаар ч дуулдах болов.
Таван шүүгч, бусад нь хуульч, эрх зүйчдээр бүрдсэн ШЕЗ, гүйцэтгэх нарийн бичиг тэргүүтэй хүмүүс үнэхээр ийм арга ядсан үйлдэл гаргаж, хүний сонгогдох, ажиллах эрхийг үл ойшоож хавчин гадуурхаж байгаа бол та бүхэн ажлаа өгсөн нь зөв биз.
ХЭН НЭГЭНД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ ГЭЖ АЛБАН ТООТ ГАРГАВ УУ
ШЕЗ хэн нэгэнд давуу байдал олгохын тулд хуулиа зөрчөөд байна уу гэлтэй. Дээр өгүүлсэн Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх асуудлаар шүүхэд маргаан үүсгээд байхад ШЕЗ уг шалгалтыг түдгэлзүүлэхгүйгээр хүчээр, яаран сандран явуулсан байдаг. Магадгүй үүгээрээ хэн нэгэн нэр дэвшигчид нь давуу байдал үүсгэсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Байгууллага, албан тушаалтныхаа хууль зөрчсөн үйлдлийн талаар шүгэл үлээсэн ажилтнуудаа ШЕЗ халж, тэр нь үндэслэлгүй болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдол нэг бус. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх Ч.Ханддуламын нэхэмжлэлтэй ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэхээс татгалзсан. Ингэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж буй юм. Ч.Ханддуламыг хууль бусаар ажлаас халсныг тогтоож, ажилд эгүүлэн томилох шийдвэр тус шүүх гаргасан байдаг.
Түүнээс гадна өөр албан тушаалтанд ч үндэслэлгүйгээр хариуцлага тооцож, албан тушаал бууруулан мөнөөх хүн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар тухайн шийдвэр нь хууль бус гэдгийг тогтоолгосон юм.
ШЕЗ-д ажиллаж байсан Ч.Ханддулам өмнөх гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хууль зөрчсөн талаар шүгэл үлээж, шүүхийн шийдвэр гарснаас үүдэн уг албан тушаалтныг наймдугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн билээ. Харин түүний оронд Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга асан, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Мөнхзоригийг томилсон. Тэрбээр саяхан “Чиглэл өгөх тухай” гэх албан тоот зарим шүүхэд хүргүүлж. Уг албан тоот нь хэн нэгэнд давуу байдал олгоход чиглэсэн байж болзошгүй гэсэн хардлага байна. Учир нь уг албан тоотод шүүхийн IT буюу цахимжилт хариуцсан албан тушаалтанд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-ы эрхийг шилжүүлэх талаар онцлон дурдсан аж. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журмын 1.2.8-д “Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан” (цаашид “ЭБАТ” гэх) гэж тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн албан тушаалыг эрхлэхийн зэрэгцээ байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг хүлээн авч, бүртгэх, хадгалах болон хуульд заасан бусад чиг үүргийг хавсран гүйцэтгэхээр томилогдсон албан хаагч, ажилтныг хэлнэ” хэмээн заасан. Улсын хэмжээнд төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжийн ихэвчлэн захиргаа, хуулийн асуудал хариуцсан 1300 гаруй албан хаагч ХАСХОМ хүлээн авах, бүртгэх, мэдүүлэг гаргагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр ЭБАТ-ы үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэдний олонх нь Төрийн албаны зөвлөл, АТГ-ын даргын баталсан журмын дагуу захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн, хуульч, эрх зүйч голдуу албан хаагч аж. Тэднийг уг ажлыг хавсран гүйцэтгүүлсний төлөө үндсэн цалингийн 40 хүртэлх хувийг нэмж олгож болохоор журамд заасан байдаг. Чиглэл өгөх тухай дээрх албан бичиг дурдсанаар Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн хэмжээнд ЭБАТ-ы үүргийг IT хариуцсан албан тушаалтнууд (60 хувь)хариуцаж байгаа бол 40 хувь нь Хэргийн хөдөлгөөний удирдлагын, Зохион байгуулалтын хэлтсийн дарга, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан шинжээч, ахлах нягтлан бодогч зэрэг албан тушаалтан буй тухай дурдаад, цаашид мэдээллийн технологийн ажил хариуцсан хүнийг ЭБАТ-аар тогтвор суурьшилтай ажиллуулж, нэмэгдэл урамшуулал олгох талаар тодотгожээ.
ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын хувьд мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй, уг чиглэлээрээ тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд ижил мэргэжилтэй хүмүүсээ дэмжихийн тулд УИХ-ын байнгын хороо, АТГ, Төрийн албаны зөвлөлийн баримталж буй журам, зааврыг зөрчин IT чиглэлийн албан тушаалтнуудад давуу байдал олгож болзошгүй албан тоот баталж хүргүүлсэн юм биш биз гэсэн хардлага шүүхийнхний дунд байгаа юм.
Уг нь НҮБ-ын Алагчлахгүй байх конвенц, УИХ-аас 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуульд ажил, мэргэжлээр нь ялгаварлан гадуурхахыг хориглодог. Тодруулбал, “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй” гэж заасан. Харин ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын зөвхөн мэдээллийн технологи хариуцсан албан тушаалтанд ХАСХОМ хүлээн авах, бүртгэх ажлыг хариуцуул хэмээн чиглэл өгч байгаа нь мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж буй юм биш биз