Монголын уран зургийн галерей, Дүрслэх урлагийн академи хамтран оюутнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Өглөөний урлан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй эх бүтээлүүдийг судалж, зураачдын арга барил, дүрслэлийн онцлог, өнгө зохиомж, уран сайхны илэрхийлэлтэй танилцах юм. Мөн эх бүтээлээс хуулбарлан зураг зурах хичээл, дадлагад хамрагдаж, онолын мэдлэгээ практик үйл ажиллагаагаар бататгах боломжтой.
“Өглөөний урлан” хөтөлбөрийг даваа, мягмар гараг бүрийн 10.00-14.00 цагт зохион байгуулах бөгөөд дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд үнэ төлбөргүй хамрагдаж болох нь.
Э.Сүйлэн