Манай улсад хэрэгжүүлдэг ихэнх төсөл, хөтөлбөр сүржин эхэлж, даржин төгсдөг нийтлэг дүр зураг бий. Тэгвэл салбарын хүний нөөц, боловсон хүчний хомсдолыг шийдэх зорилгоор санаачилсан Аялал жуулчлалын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах төслийн ажил энэ алдааг давтаж, хариуцлага, хяналт гэгч зүйл Монголд шат шатанд алдагдсаныг бодитоор харуулах болжээ.
Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Богдхан уулын Арцатын аманд БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац (KTO)-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар ийм төв байгуулах протоколд хоёр орны холбогдох албаны хүмүүс 2019 онд гарын үсэг зурсан бол барилгын ажлыг нь үүнээс гурван жилийн дараа эхлүүлсэн юм. Төр засгийн өндөр дээд түвшний айлчлалын үеэр гэрээ, хэлэлцээрийн түвшинд анх албажиж, баталгаажихдаа “аялал жуулчлалын хөгжлийг дэмжих” ерөнхий зорилготой байсан уг төсөл дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах жилүүдээс хэрэгжихдээ “хүний нөөц, ур чадвартай боловсон хүчний гүн хямралд орсон салбарыг дэмжиж, тэтгэх” үндсэн зорилготой болсон гэдэг. Тийм ч учраас тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын удирдлага тэргүүтэй албаны хүмүүс БНСУ-ыг төлөөлөх дарга, мэргэжилтнүүдийн хамтаар тус төвийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолыг сүр дуулиантай хийсэн. Ингэж сүр болж эхлүүлсэн барилгын ажил нь анхны төлөвлөсөн хугацаанаасаа нэг жил, зургаан сарын дараа буюу 2025 оны тавдугаар сард дууссан билээ. Гэрээ, хэлцлийн шатанд зөвшилцсөнөөс зургаа, газар шорооны ажлыг нь эхлүүлснээс гурав орчим жилийн дараа сургалтын төвийн барилгыг хүлээлгэж өгсөн гэсэн үг.
Тус төвийн барилгын ажлыг эхлүүлэх үед аялал жуулчлалын салбар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харьяалагддаг байсан бол дуусах үед нь соёл, спорт, залуучуудын яамны “бөөр”-нд наасан байв. Ингээд Б.Бат-Эрдэнийн үед эхлүүлсэн ажлыг Ч.Номин өлгийдөж авсан. Тэрбээр мөн л нээлтийг нь сүртэй хийж, аялал жуулчлалын салбар хүнгүйдэх зовлонгоос ангижирч, аврагдсан мэт ярьж байлаа. Гэтэл эл сургалтын төвийн үйл ажиллагаа өдий болтол жигдрээгүй, хариуцлагагүй албан тушаалтнуудын балгаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж ч чадахгүй байгааг аялал жуулчлалын салбарынхан хэллээ.
Аялал жуулчлалын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэд захирал С.Нина “Сургалтын төвийн үйл ажиллагааг энэ оны намраас жигдрүүлж, тасралтгүй явуулна. Бид аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, тээвэр, хөтөч, тайлбарлагч зэрэг үндсэн таван чиглэлээр сургалт явуулахаар Боловсролын яамнаас эрх аваад буй” хэмээн өнгөрсөн есдүгээр сард ярьсан юм. Харамсалтай нь, одоо ч үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа аж.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагууд энэ талаар “Аялал жуулчлалын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац өөрсдийн санхүүжилтээр бариулж, манай ССАЖЗЯ-ны мэдэлд хүлээлгэж өгсөн. Одоо төрийн өмчийн статустай. Энэ барилгын төсөлд туслан гүйцэтгэгчээр оролцсон компанийнхан ажлаа дутуу хийснээс сургалтын төвийн зарим хэсэг одоо болтол цахилгаангүй, сургалт явуулахад нэн хүндрэлтэй байгаа. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Монгол дахь аялал жуулчлалын хүний нөөцийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн сайн дурын багийн гурав дахь ээлж нь тус төвд сургалт явуулахаар ирж байхад байр нь бэлэн биш. Нээгээд, улсад хүлээлгэж өгөөд 1.6 жил болж буй төрийн өмчийн сургалтын төвийнхөө цахилгааныг шийдэж чаддаггүй хүмүүс үүнээс цаадхыг хийх, эсэхэд эргэлзэж байна” гэсэн юм.
Эл төвийг салбарын яамд хүлээлгэж өгсөн ч сургалтын үндсэн үйл ажиллагааг нь Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хариуцаж буй. Сургалт хариуцсан хүмүүс нь “Сургалт явуулах шаардлагатай орчин бүрдээгүй” хэмээн шүүмжилсэн нь нөхцөл байдал бидний төсөөлснөөс ч ярвигтайг нотолж байна. Өнгөн талаас нь шүүхэд энэ тохиолдолд туслан гүйцэтгэгчээр ажилласан барилгын компанийнхан л буруутай мэт харагдах ч өргөн агуулгаар нь харвал манайд л байдаг гэмээр, тогтолцооны ужиг асуудлууд гарч ирнэ.
Тухайн барилгын санхүүжилт, гүйцэтгэлийн ажил зэргийг КТО байгууллага 100 хувь бие даан шийдсэн ч ашиглалтад оруулах, албан ёсоор хүлээж авах, хяналт тавих зэрэгт Монголын тал оролцсон. Өөрөөр хэлбэл, байр сууцыг ашиглалтад яаж оруулдаг, яг тэр дүрэм журмын хүрээнд холбогдох албаны хүмүүс тус төвийн барилгыг хянаж шалган, хүлээж авсан гэсэн үг. Тэгэхээр Аялал жуулчлалын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгыг хүлээж авсан Улсын комиссынхон ажлаа дутуу хийсэн байж болзошгүй нь. Хоёрдугаарт, салбарын яамныхан ч үүнд хайнга, хүнийрхүү ханджээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан “Солонгосчууд бидэнд өөрсдийн хөрөнгөөр сургалтын төв барьж өгөх гэж байна” гэж хөөрцөглөхийн оронд хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийнхөө гүйцэтгэл, үр дүнд дорвитой анхаараад, тулгамдсан бэрхшээлүүдийг дор дор нь шийдсэн бол өдгөө ийм нөхцөлд хүрэхгүй байв. Яамны удирдлагууд байсхийгээд л барилгын ажлын явцтай танилцаж, баахан хүнд үүрэг чиглэл өгдөг байсныг мэдэх юм. Даанч тэд асуудлын угт, ажлын гүнд хүрч анхаарал хяналт тавиагүй нь одоо өрнөж буй үйл явцаас тод харагдаж байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр уг сургалтын төвийн барилгын үндсэн цутгалт, угсралт асар хурдтай үргэлжилсэн ч дэд бүтэц, тэр дундаа дулаан, цахилгааны төвлөрсөн шугамд холбох ажилд багагүй хугацаа алдсан гэнэ. Энэ нь төслийн ажил хугацаандаа дуусаагүйн гол шалтгаануудын нэг бөгөөд өдгөө нүүрлээд буй хүндрэлийн ч үндэс аж. Тэгвэл хэт төвлөрлөөс үүдэлтэй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хүртээмж эмзэг бүсэд яагаад Аялал жуулчлалын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг төлөвлөв, үүнээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл, хохирлыг хэн хариуцах вэ гэдэг асуудал ч зүй ёсоор хөндөгдөх нь. Энэ тохиолдолд мөн л манай төр засаг, салбарын яамныхан буруу хүлээнэ.
Ерөөс манай улсын бодлого, шийдвэр гаргагчид олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамаг байдгаараа найр тавьдаг. Төрөөс шийдэх ёстой бүхнийг “ногоон гэрэл”-ээр сүнгэнүүлж, олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр ямар ч саадгүй урагшлах ёстой мэт замыг нь засдаг ч өөрсдийнхөө зүгээс тавих ёстой хяналт, шаардлагаа умартчихдаг. Ингээд эцэст нь энэ мэт алдаа завхрал гаргаж, өөрсдөдөө ч, өрөөлд ч бөөн төвөг чирэгдэл учруулдаг.
Уг нь Монголд аялал жуулчлал шиг амбицтай салбар үгүй. Хүний нөөц, боловсон хүчний дэмжлэг нэн шаардлагатай нь ч эл салбар. Энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв шиг хэрэгтэй зүйл аялал жуулчлалд үгүй. Харамсалтай нь, манайхан ийм хэрэгцээ шаардлагад тургуурлан, гадаадынхны тусламжтай байгуулсан төвөө аахар шаахар ахуйн асуудлаас болоод бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь даанч хайран.
Н.Мишээл