Британийн зохиолч М.Жон Харрисон “End of everything” романаараа энэ оны Бүүкерийн шагнал хүртлээ. Өдгөө 81 настай тэрбээр уг шагналыг хүртсэн хамгийн өндөр настай зохиолч төдийгүй уран зөгнөлт зохиолоороо шалгарсан нь анхдагч болов. Шагнал гардуулах ёслол энэ сарын 9-нд Лондон хотын “Old billingsgate” танхимд болж, М.Жон Харрисонд 50 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал, Бүүкерийн цомыг өнгөрсөн жилийн ялагч Дэвид Салай гардуулжээ. Энэ удаагийн шүүгчид нийт 163 бүтээлээс зургааг нь эцсийн шатанд шалгаруулж, Харрисоны романыг санал нэгтэйгээр шилдгээр нэрлэсэн юм. Шүүгчдийн багийг ахалсан түүхч, зохиолч Мэри Бирд уг бүтээлийг өнөөгийн улс төр, нийгмийн асуудлыг ирээдүйн өнцгөөс харуулсан, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх роман гэж үнэлсэн аж. “End of everything” романы үйл явдал нийгмийн тогтолцоо нь нуран унасан ирээдүйн Англид өрнөнө. Гол дүр Филипп Теннент нагац эгчийнхээ хамт Кентийн далайн эргээс олдсон зүйлсийг цуглуулан амьжиргаагаа залгуулдаг нэгэн. Гэвч нэгэн үл мэдэгдэх биет олсноор тэдний амьдрал орвонгоороо эргэж, зохиолын үйл явдал өрнөнө. Зохиолч эл бүтээлээрээ нийгмийн хямрал, хүний танин мэдэхүй болон бодит байдлын талаарх эргэлзээг хөнджээ.
М.Жон Харрисон 1960-аад оноос бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 13 роман, богино өгүүллэгийн таван түүвэр хэвлүүлсэн юм.
Э.Сондор