Өнгөрсөн есдүгээр сарын 18-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн “Мухардсан эрэл буюу үгүйлэгдсэн стандарт” асуудал хөндсөн нийтлэл маань Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан, нийслэлийн Хан-Уул дүүргийн нэг иргэний өргөдөл, санал, гомдлоор төлөөлүүлэн эрүүл аюулгүй хот бойжуулахад иргэдийн оролцооны чухлыг онцлохын зэрэгцээ Монгол Улсад модон жорлон ариутгах тусгай стандарт хэрэгтэйг хөндөж, барилгажуулалтын хүрээнд чөлөөлсөн газар дээр багагүй хугацаанд “амьдарсан” хоёр жорлонг хэн, хэзээ, хэрхэн буулгаж, ариутгах вэ гэсэн асуултад хариулт хайсан.
ХОТ ХЭРХЭН БОЙЖИХ НЬ БИДНЭЭС ШАЛТГААЛНА
Өнгөрсөн тавдугаар сард гаргасан G260604435 дугаартай өргөдлөөс хойш яг хагас жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө дуугарсан иргэний асуудлыг шат шатны байгууллага, компани хэрхэн шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт орон сууцын хотхон барьж буй “Дархан хан спийд” компанийн ажлын талбарт, тодруулбал барилгажуулалтын хүрээнд чөлөөлсөн айлын хашаанд бараг хоёр жил “хослон дүнхийж”, багагүй хэл ам таталж, хөрс, агаарын бохирдлын эх үүсвэр болж ирсэн хоёр модон жорлон өдгөө байхгүй. Хүсэлт гаргаснаас хойш багагүй хугацаа шаардсан шиг баахан “гүйсний” эцэст бохирдлын цэгүүдийг буулгуулж, ариутгуулсан. Энэ бол ямартай ч иргэд дуугарч, шаардсанаар амьдрах орчноо сайжруулах, эрүүлжүүлэх, илүү аюулгүй болгох боломжтойг илтгэх үр дүнгийн ганц тохиолдол. Тухайн нийгэм, хот, хороо цэвэр, амар тайван байх, эсэх нь оршин суугчдаас шууд шалтгаалдаг буюу нийтээр амьдрах орчноо бид л бүтээнэ. Тэр орчинд таны, бидний үр хүүхэд өсөж, танин мэдэж, ирээдүйгээ төсөөлж буй. Тэднийг өсгөж, торинуулж байгаатай адил орчныг нь ч бид бойжуулах үүрэгтэйг сануулаад эргээд нөгөөх хоёр жорлонгийн талаар өгүүлье.
Нэгийг нь наадмын дараа, нөгөөхийг нь ердөө хэд хоногийн өмнө буулгасан жорлонгуудыг он дамнуулан “хадгалж” байсан учрыг “Дархан хан спийд” компанийн барилга хариуцсан инженер Т.Билэгээ ингэж тайлбарлав. “Хан-Уул дүүрэгт “Мандал” хотхоны бүтээн байгуулалтын хүрээнд 115 айлын газар чөлөөлүүлж, 102 модон жорлон буулгаж, нэг хашаан дахь хоёрыг газрын маргааны улмаас орхисон. Тухайн хэсэгт төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн ч газрын эзэнтэй тохиролцож чадаагүй. Цэцэрлэгийг хотхоны дунд хэсэгт өөр газарт барихаар зургаа өөрчилсөн. Австралид амьдарч буй иргэн А-тай 2024 оноос хойш газар чөлөөлүүлэхээр олон удаа холбогдож, зөвшөөрүүлсэн ч наймаагаа буцсан. Хашааг түрээсэлж байсан хүмүүс нь нүүсэн ч бид бусдын өмчид дур мэдэн хүрэх боломжгүйн улмаас үлдээсэн. Иргэний гомдлын дагуу НБОГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Уянга наадмын өмнө албан шаардлага ирүүлснээр эхнийхийг нь өөрсдөө буулгаж, булж, ариутгалын бодис цацаж, эрүүл хөрсөөр хучсан. Хоёр дахь жорлонг ариутгуулахаар мэргэжлийн компанид хандсан ч шинэ хотхонуудын дундуур тавих авто замтай холбоотойгоор ажил хойшлогдсон. Саяхан замыг ашиглалтад оруулснаар “Дархан хан спийд” компанийн захиалгаар “Мишээлт цэцэг хөгжил” ХХК арваннэгдүгээр сарын 1-нд тухайн жорлонгийн лагийг соруулж, ариутгасан” хэмээн тайлбарлав.
Хагас жилийн өмнө гаргасан өргөдөлд дурдсан хоёр модон жорлон “дуншиж, дуншиж далд орлоо” гэтэл ердөө таван алхмын зайд сэндвичин хавтангаар босгосон өөр нэг жорлон асуултын тэмдэг дагууллаа. Энэ талаар бид өмнө нь мөн дурдсан. Хэн, ямар байгууллагад хамааралтай болохыг байгаль орчны улсын байцаагч болон барилгын инженерээс асуухад “Тухайн компанид хамаагүй, хувь хүний газар дээр боссон” болохыг хэлэв. Дахиад л нэг тэсрэх “бөмбөг”. Нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрс, агаарын бохирдол хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд ямар аюултайг мэдэхгүй хүн үгүй. Хөнөөлийнх нь талаар бид өмнөх нийтлэлдээ олон улсын судалгаанд тулгуурласан тодорхой статистик мэдээллээр жишээлэн өгүүлсэн. Энэ бол зөвхөн улс орны асуудал бус, дэлхийн дулаарал, байгаль орчны тэнцвэрт байдалтай холбоотой нийтийг хамарсан том сэдэв. Нэг нүхэн жорлон эргэн тойрныхоо 22 хүртэл метр газрын хөрсийг бохирдуулж, цаашлаад салхи, хүн, амьтны хөлөөр тархдаг, хөрсний гүнд мөн хэмжээнд нэвчдэгийг тогтоож, олон улсад мөрддөг стандарт, хууль дүрэмд тодорхой заасан байдаг. Гэтэл Богд уулнаас эх аван, Туул голд цутгадаг горхи урсан өнгөрдөг хамгаалалтын далангаас таван метр хүрэхгүй зайд дахиад нэг балаг босгосныг иргэд шүүмжилж, мөн л 11-11 төвд хандаад байна. Тэдний өргөдөл гомдол хэдий хугацаанд шийдэгдэх бол, дахиад хагас жил үү, эсвэл бүр цаашлах уу, таашгүй. Харин эл зөрчлийг заавал иргэдийн өргөдлийг хүлээлгүй, эрх бүхий мэргэжилтэн идэвх санаачилгаараа шуурхай шийдэх боломж байна.
Нэг зүйл тодруулахад, иргэд байгаль, хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой өргөдөл гаргах нь нэмэгдэж байгааг 11-11 төвд хандсан байдлаас харж болно. Энэ бол амьдрах орчноо аюулгүй байлгах нэг үндэс гэдгийг иргэд ухамсарлаж, хариуцлагатай ханддаг болсны илрэл. Гэхдээ өргөдлийнхөө араас хөөцөлдөж, зохих газруудад шат дараалалтай хандах нь харьцангуй бага аж. Үүнийг цаг зав болон төрийн байгууллагынхны чирэгдэлтэй холбон тайлбарлах нь бий.

“Дархан хан спийд” компанийн захиалгаар “Мишээлт цэцэг хөгжил” ХХ К жорлонгийн лагийг соруулж, ариутгасан” хэмээн тайлбарлав
ШААРДАХГҮЙ Л БОЛ ШИЙДЭХГҮЙ
Хэн нэгэн заавал шаардаж, шахаж, хянаж, шалгаж байж л ажил хийдэг, албадлагаар урагшилдаг дүр төрх манай нийгэмд түгээмэл болсныг өргөдөлтэй “хөтлөлцөн” явахдаа улам мэдрэв. Шаардуулж, шахуулж ажиллах нь хариуцлагагүйн хэмжүүр буй за.
Нэг зөрчлийг арилгуулахаар ажиллаж байхад яг дэргэд нь өөр нэг зөрчил “ургалаа”. Үүнийг хэн, хэзээ, хэрхэн шийдвэрлэж, ямар асуудлуудтай тулгарах бол, бас л таавар. Гэхдээ давхар давхар ажил болж, олон даваа, гүвээ гатлахгүйгээр буюу байгаль орчны байцаагчийн эрх, үүргийн хүрээнд шийдэх боломжтой аж. Заавал иргэн, байгууллагын өргөдөл, гомдлоор бус, эрх бүхий мэргэжилтэн үүрэг, хариуцлагынхаа хүрээнд санаачлан шийднэ гэсэн үг. Тодруулбал, “Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь зөвхөн өргөдөл гомдлын мөрөөр бус, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт, хээрийн эргүүл хийх замаар өөрийн санаачилгаар зөрчлийг таслан зогсоох, арилгуулах үүрэгтэй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд тодорхой заажээ. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд “Улсын байцаагч нь эрх бүхий байгууллагаас баталсан урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу орон нутаг, тухайн газарт ажиллаж, иргэний гомдол байхгүй байсан ч хууль бус үйлдлийг илрүүлэн зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээ авна”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “Улсын байцаагч нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илрүүлсэн бол зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг шууд эхлүүлэх зохицуулалттай” гэсэн байна. Цаашилбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд “Хяналт шалгалтын байгууллага хяналт шалгалтыг өөрийн санаачилгаар, эрх бүхий байгууллагаас даалгаснаар, түүнчлэн хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэсэн заалт байдгийг нэр болон эрх бүхий мэргэжилтэнд уламжилъя. Хяналт, шалгалт хийж байх хугацаанд нь, тухайн газрынх нь хамар хашаанд модон жорлон босгосныг хэрхэх талаар асуухад “Өмнөх иргэний өргөдөлд дурдсан байгууллага болон модон жорлонтой холбоогүй учраас мэдэхгүй” хэмээж, аливаа асуудлыг өргөдөл, гомдлын дагуу шийдвэрлэх байх гэсэн учраас холбогдох хуулийн заалтуудыг санууллаа.
Өнгөрсөн хугацаанд юутай ч төрийн байгууллага, иргэд болон “Өнөөдөр” сонины хүч хавсарсан шаардлагын үр дүнд нийслэлийн хөрс, агаарын бохирдолд багагүй нэрмээс болж байсан хоёр голомтыг зургаан сарын хугацаанд үгүй хийлээ. Харин өнөөх хоёртой “барьцан гарч ирсэн” ногоон өнгөтэй, сэндвичин хавтангаар босгосон жорлонг одоо яах вэ. Энэ талаар бичлэг хийж, үнэр танар нь хэцүүхэн байгааг нүүр номдоо бичсэн иргэдэд дахин зөвлөхөд байгаль, орчны бохирдолтой холбоотой аливаа өргөдөл гомдлыг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төв болон НБОГ-т мэдээлээрэй. Тустөвийн хувьд иргэдийн өргөдлийг долоон сувгаар хүлээн авч, зохих байгууллагуудад нь дамжуулдаг бол тухайн байгууллагын утсанд мэдээлснээр асуудал хариуцсан мэргэжилтэнтэй нь шууд холбогдох боломжтой. Мөн заавал гамшигт нөхцөл байдал үүссэний дараа бус, амьдарч буй орчныхоо аюулгүй байдлын төлөө урьдчилан сэргийлж мэдээлснээр та албан ёсны хариулт авна.
Өөр нэг асуудлыг дахин хөндөхөд, Монгол Улсад модон жорлонг буулгаж, ариутгах явцад хяналт тавьдаг хууль, журмыг улам боловсронгуй, тодорхой болгох шаардлагатай байна. Эс бөгөөс хөрс, агаарын бохирдлыг бууруулах том төлөвлөгөө хоосон яриа төдий болж, бохирдол үүсгэгч голомт зүгээр л булагдаад өнгөрөх эрсдэл бодитоор байсаар буй. Улсын хэмжээнд албан бус тооцооллоор хоёр сая гаруй, нийслэлд 680 000 орчим модон жорлон байгаа өнөөгийн нөхцөлд мөрдөх стандарт, баримтбичгээ тодорхой болгох нэн шаардлагатай.