Монгол Улсад 2025 онд хувийн болон албан хэргээр оршин суугч гадаадын иргэн 34 272 байсныг Гадаадын иргэн, харьяатын газрын тайланд дурджээ. Тэгвэл уржнан түр оршин суугч иргэн 31 901, 2023 онд 30 987 байсныг тус газрын тайланд мөн тэмдэглэсэн байна. Энэ нь хувийн болон албан хэргээр манай оронд оршин суугч өөр улсын иргэний тоо 2023-2025 онд 3300 орчим буюу 10 гаруй хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн жил ажиллаж байсан иргэдээс 20 000 орчим нь хятад бол, непал, филиппин, бангладеш, вьетнам хүн 2500-гаас давжээ. Улмаар Монголд амьдарч буй непал, филиппин, вьетнам иргэний тоо жилд 30-200 хувиар өссөн гэнэ. Энэ хэрээр үйлчилгээний салбарт ажиллаж буй монголчуудын тоо буурсан байх магадлалтай. Учир нь филиппин, непал, бангладеш залуус зочид буудал, зоогийн газарт түлхүү ажилладаг бол вьетнамчууд авто засварын салбарыг “базсан”. Нөгөөтээгүүр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (ГБХНХЯ) 2025 оны судалгаагаар улсын хэмжээнд 40 000-60 000 хүн ажилгүй байсан бол ажил олгогчдод 40 200 орчим ажиллах хүчин дутагдалтай байв гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголд ажиллах хүчний хомсдол үүсэхийн зэрэгцээ, ажилгүйдэл ихсэн, улмаар зарим салбараа гадаад ажилчдад “булаалгаад” байна. Гэтэл манайх АНУ, БНСУ, Япон шиг хар бор ажлаа гадаадынханаар хийлгэдэг, хангалуун амьдралтай, өндөр хөгжилтэй улс биш. Ажиллах хүчний зах зээл л гажуудсан бололтой. Энэ талаар хэн, юу хэлэв.
Нягтлан бодогч мэргэжлээр 2022 онд дээд сургууль төгссөн Ч.Ариунчимэг “Би мэргэжлээрээ хоёр ч компанид ажиллаж, сард 2.5 сая гаруй төгрөгийн цалин авч үзсэн. Хамгийн төвөгтэй нь ажлын цаг ихтэй. Өдөрт 10-аас дээш цаг ажиллахын сацуу улирлын тайлан тооцооны үед харих ч завгүй болчихдог. Долоо хоногт бараг зургаан өдөр, өдөрт 10-аас дээш цаг ажиллаад тийм бага цалин авах хэцүү. Бас ажил, гэрийн хооронд хол зайтай учраас явдалдаа бүх цагаа зарцуулж, гэртээ унтаад л гардаг байв. Тиймээс ажлаасаа гарч, хувийн бизнес эхлүүлэхээр хичээж явна. Нягтлан бодох бүртгэлийн компани байгуулахаар нэг найзтайгаа ярилцаад, хөөцөлдөж буй” гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулиа 2020 онд дүүргэсэн Ч.Тамир “Хүн заавал их, дээд сургууль төгсөж, том компанид ажиллах шаардлагагүй болсон. Цахим орчинд сайн ажиллабал цалин орлого ахиу авах боломжтой. Тиймээс би дижитал эдийн засгийн сургалтад гурван удаа суусан бөгөөд вэбсайт хөгжүүлж, trade хийж мөнгө олдог. Орлогоо сар сараар нь тооцож үзээгүй ч надад хүрэлцдэг. Лизингээр машин авсан, зээлээ хугацаанд нь төлдөг. Өнгөрсөн хавар, зун нэг ресторанд зөөгчөөр дөрвөн сар орчим ажиллаад цалингаа бүтэн авч чадалгүй гарсандаа уур хүрдэг. Ажлаас хэд хэд хожигдсон, чөлөө өгөөгүй байхад хоёр өдөр тасалсан зэрэг шалтгаанаар цалинг маань бүтнээр нь өгөөгүй. Уг нь чөлөө авъя, би хожигдох нь гэж хэлсэн ч огт тоодоггүй юм билээ. Цаашдаа хувиараа л хөдөлмөрлөнө” гэв.
Сувилагч мэргэжилтэй, 46 настай О.Саруул “Сувилахуйн ухааны сургуулийг төгсөөд улсын эмнэлэгт 10 жил мэргэжлээрээ ажилласан. Жижүүрт гардаг, ачаалал ихтэй, бага цалинтай учраас үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй. Хувийн болон улсын олон эмнэлэг санал тавьсан, халшраад очоогүй. Одоо бол айлууд, албан байгууллагын захиалгаар явж тариа, дусал хийж, даралт болон зүрхний хэмийг нь тодорхойлж, тохирсон зөвлөгөөг нь өгдөг. Ингэж ажиллаад найман жил болжээ. Голдуу амралтын өдрөөр, машинтайгаа үйлчлүүлэгчдээ тойрчихдог юм. Хүмүүс тогтвортой ажлын байргүй, байгууллагуудад харьяалагдахыг хүсэхгүй байгаад ганц л шалтгаан бий. Цалин бага, ачаалал их. Ажил олгогчид хүнээ огт боддоггүй, зөвхөн өөрсдийн ашгийг чухалчилдаг. Бас авто замын ачаалал их, үргэлж түгжирч байдаг ийм хотод бага зэргийн цалин авахын тулд, нэг цэгээс нөгөө рүү явж өдрийн ихэнхийг туулах хүн улам цөөрөх биз. Ажилчнаа, хүнээ боддоггүй ийм улсад ажлын байр эзгүйрэх, хүний нөөцгүй болох нь ойлгомжтой шүү дээ” хэмээн ярив.
Үүнээс гадна ажил олгогчид ч зовлон тоочсоор. Тухайлбал, Хүргэлтийн компани ажиллуулдаг нэгэн “Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн буюу жижиг оврын хайрцагтай ачааны шошгыг наан, автомашинд ачиж, түгээлтэд бэлтгэдэг орон тоо бий. Үүнийг хийж, долоо хоногийн таван өдөр, өдөрт найман цагаас хэтрэхгүй ажиллаад 2.5-3 сая төгрөгийн цалин авах хүн олдохгүй юм. Уг нь залуу эр хүнд яг тохирох ажил. Хурд, бага зэргийн бяр шаарддаг. Гэсэн ч ажилд авна гээд 3-4 сар зарлаад хүн ирсэнгүй, ирсэн ганц хоёр нь голонгуй байна лээ. Одоо бол өөрөө ачаагаа хаяглаж бэлтгээд явуулж буй. 2.5-3 сая төгрөгийн цалин бол бага мөнгө биш. Залуучууд нэг бол гадаад явах, үгүй бол цахимаар мөнгө олохыг зориод байх шиг” гэв. Өөр нэгэн нь “Манайх үзэсгэлэнгийн танхим, гаднах талбай гээд 5000 орчим ам метр талбай цэвэрлүүлж, хянуулахад Бангладеш улсын таван хүн ажиллуулдаг. Баянгол дүүрэгт зочид буудалд тэд амьдардаг. Талбай болон танхимын цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийх гэж хэдэн ч монгол бүсгүй, залуу солигдов. Цалингаа аваад архидаад явчихдаг, шалтгаангүй ажил тасалдаг нь олон учраас гадаад хүмүүс олсон. Хэдэн төгрөгийн цалин өгдөг нь нууц. Бид гадаад ажилчин ажиллуулсан хураамжаа төлж, ажиллах сэтгэлтэй, хариуцлагатай нэгнийг гомдоолгүй цалинжуулдаг” гэсэн юм. Иймэрхүү сэтгэгдэл хэлэх ажил олгогч олон бий.
Дээрх жишээнүүд, зарим судалгаа, нөхцөл байдлаас харахад манай улсын хөдөлмөрийн зах зээлд дараах асуудлууд үүссэн гэхэд болно. Нэгдүгээрт, макро болон микро эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалж иргэдийн худалдан авах чадвар жил ирэх тусам буурч, зах зээл дэх мөнгөний эргэлт удааширсан. Цахилгаан, дулаан, шатахуун зэрэг суурь хэрэглээний зардал өссөнөөр бизнесийн салбарын цэвэр ашиг буурдаг. Тиймээс ажил олгогчид нь ажилчдаа багаар цалинжуулж, олон цаг ажиллуулах сонирхолтой болсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл, амьжиргааны зардлын өсөлт, орон сууц, ажлын байрын өндөр түрээс зэрэг нь ажилчдад, ажил олгогчдод ч хүнд тусаж байна. Мөн ажил олгогчдын зүгээс хүний хөдөлмөрийг мөлжих хандлагатай явж, хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь үргэлж амьжиргааны зардлаас бага байж, инфляц болон суурь үнийн өсөлттэй уялдуулж цалин нэмдэггүй асуудал ужигарсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх онд нэг сая төгрөгт буюу дөнгөж 300 ам.долларт хүргэе гэхэд л ялангуяа хувийн хэвшлийнхэн, эзэд шууд эсэргүүцэж буй нь үүнтэй холбоотой. Хоёрдугаарт, бид аль ч салбарт нарийн мэргэшээгүй нь түгээмэл ажиглагддаг. Их, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын түвшнийг эс тооцоход, зочлох үйлчилгээний соёл, зочид буудлын болон бусад цэвэрлэгээ, авто машин, техник засварыг монгол залуус өөрсдийн болгож чадаагүй, ур чадвар дутмаг хэвээр. Аль ч салбарт тогтвортой ажиллахгүй байгаагаас мэргэшихгүй, мэргэшиж чадахгүйгээс ур чадвар өсөхгүй, ур чадвар муу нь орлогыг нь нэмэгдүүлэхгүй гэсэн гинжин хэлхээг үүсгэсэн.
Түүнчлэн өндөр хөгжилтэй, хөгжингүй улс орнуудын нийслэл, том хотууд нь ажиллах хүчний нөөцийг татан төвлөрүүлдэг, хөдөлмөрийн суурь бааз болж, улмаар тэндээс бүтээмж үйлдвэрлэгдэн, улс орны хөгжлийг урагшлуулж байдаг. Гэтэл эсрэгээрээ Улаанбаатарт хүмүүс амьдрахаас халширдаг, амьжиргааны зардал өндөр, иргэдэд ээлгүй хот болсон. Нэмээд шударга бус нийгэм нь хүмүүсийн ажил хийх сэдлийг унтраадаг гэхэд болно. Өдөр бүр, бараг цаг тутамд төрийн өндөр албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийн хийсэн хулгай, зүй бус авирын жишээ дурдагддаг. Энэ нь одоо ажиллагсад, хөдөлмөрийн зах зээлд дөнгөж хөл тавьж буй иргэд, удахгүй ажилд орох залуусыг хүсэл эрмэлзэлгүй болгодог. Шударга хөдөлмөрлөөд нэмэргүй, яаж ч хичээсэн олигтой амьдрахгүй, хөдөлмөрөө мөлжүүлнэ гэсэн гутранги бодлыг төрүүлдэг биз. Тиймээс Засгийн газрын түвшинд, төрийн албаныхны хэмжээнд, том компаниуд, иргэд залуус аль ч талдаа хөдөлмөрийн тэгш бус байдлыг халж, цалинг өсгөн, хөдөлмөрийн зах зээлийг эрүүлжүүлж, ур чадвараа нэмэгдүүлж, тасралтгүй сурал цан, тууштай ажил лахыг хичээхгүй бол горьгүй. Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ.
С.Дулам