Өнгөрч буй намар Европ дахин тун амаргүй, ихээхэн доргион чичиргээнтэй байлаа. Францад дэгдсэн эсэргүүцэл, тэмцэл үүнд цучил дээр дусаасан тос гэж хэлж болно. Эсэрүүцэл, тэмцэл үндсэндээ Өрнөд болон Өмнөд Европ, түүний дотор Франц, Испани, Португал, Албани, Австри, Бельги, Грек, Герман, Итали, Сербид өрнөлөө.
Албанид эсэргүүцэл хөдөлгөөн тавдугаар сарын эцсээс авлига болон байгаль орчны асуудалтай холбоотойгоор эхлэв. Аравдугаар сар болоход тэмцэлд оюутан, залуус гол үүрэг гүйцэтгэх болов.
Австрид боловсролын тогтолцоонд зориулсан хөрөнгийг танасан Засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцэж аравдугаар сард дэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулагчийн нэг нь Оюутны холбоо байв.
Бельгийн тэмцэгчид анх аравдугаар сарын 17-нд Брюссельд цуглаан хийсний шалтгаан нь сургалтын нөхцөл муудаж, өртөг зардал нь өссөн явдал байв.
Францын нэг лицей сургуульд суралцагчид хийгээд багш нар есдүгээр сарын 21-нд багш нар хүрэлцээгүй, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид дутагдалтай байгааг эсэргүүцэн тэмцлээ эхлүүлэв. Уг тэмцэл хүрээгээ тэлж аравдугаар сар эхлэхэд 1027 лицей ч хамруулсан байна. Парист цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахад ч хүрэв.
Грект оюутнууд амьдралын нөхцөл байдал хүндэрснийг эсэргүүцэж, аравдугаар сарын 13-нд гудамжинд гарлаа. Германд тэмцэл цэргийн албатай холбоотойгоор өнгөрсөн оны эцсээр сурагчдын дунд эхэлж, оюутнуудын дэмжлэг авсан байна.
Франц дахь үйл явдлаас санаа авсан Португалын оюутнууд сургалтын орчин нөхцөл, гадаад оюутнуудын тоог хязгаарлахаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн аравдугаар сарын дундуур тэмцэлд босов. Португалчууд орон сууцын үнэ өссөнийг, орон сууц барих ажил хумигдаж буйг эсэргүүцэв. 2024 оноос эхэлсэн авлигын эсрэг тэмцэл Сербид сэргэж, улмаар Ерөнхийлөгч Александр Вучичийг унагаахад чиглэн өргөжив. 87 настай эмгэнийг есдүгээр сарын 23-нд түрээсний байрнаас нь хүчээр хөөж гаргасныг эсэргүүцсэн тэмцэл Испанид газар авлаа. Олон зуун мянган хүн гудамжинд гарч жагсав.
Тэмцэлд оюутнууд, залуус манлайлж байгаа нь зөвхөн боловсролын салбарт буй дутагдал, доголдолтой холбоотой биш, Европ тивд бүхэлдээ эдийн засаг муудаж, унаж буйг тэд мэдэрсэн байна. Үүнд эргэлзэхээ байж. Тэмцэлд яваандаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэх болов. Тэмцлийн явцад хулгай, дээрэм, хууль бус үйлдэл ч гарах боллоо. Францад тэмцэлд оролцогчдыг “түйвээгч, бусниулагчид” гэж нэрлэхэд хүрсэн байна. Тус улсын барууны чиг баримжаатай улс төрчид, тухайлбал, Ерөнхийлөгч Макрон үүнд зүүний үзэлт бүлгүүдийг, бага насны гэмт хэрэгтнүүдийг буруутгаж буй. Шүүмжлэгчид болохоор Европын цагаачлалын эсрэг бодлого баримталдаг намууд үймээн самууныг далимдуулахыг хичээж байна гэсэн бодолтой байна. Испани, Итали, Герман, Польшид цагаачлалын бодлогод шүүмжлэлтэй ханддаг, үндсэрхэг үзэлт намуудын чансаа өндөр байна. Францад ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг Европ ихэд чухалчилж, өрсөлдөгчдийн дунд Марин Ле Пений нэр хүнд давуу байна. Энэ сарын 7-нд Польшийн Краков хотод 24 настай залуу гал нээж, зургаан хүний аминд хүрч, 16 хүнийг шархдуулсан нь иргэдэд зэвсэг эзэмшүүлэх явдалд анхаарах шаардлагатай болсныг харууллаа гэж дүгнэж байна. Польшийн иргэд зэвсэг их сонирхох болж цагдаагийн газар байгаа баримтаар өнгөрсөн онд гэхэд л зэвсэг эзэмших 50.7 мянган зөвшөөрөл олгосон нь 2020 оныхоос гурав дахин нэмэгджээ.
Ойрын түүх сөхөхөд Польшийн хямрал Үндсэн хуулийн шүүхтэй холбоотой. Үүний үндэс 2015 онд тавигдсан гэж хэлж болно. Тэгэхэд шинэ Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байхад өмнөх Парламент Үндсэн хуулийн шүүхийн таван гишүүнийг сонгочихжээ. Гэтэл тухайн үеийн Ерөнхийлөгч Анжей Дуда тэдний тангаргийг хүлээн авахаас татгалзсан нь Үндсэн хуулийн хямралын эхийг тавьжээ. Тэгвэл 2015 оноос үргэлжилж буй хямралын гол нь Үндсэн хуулийн шүүх юм. Дональд Туск тэргүүтэй Засгийн газар тус шүүхийг олон жил улс төрийн нөлөөнд автаж, шаардлагатай шийдвэр гаргах чадваргүй болсон гэж үздэг бол Ерөнхийлөгч Кароль Навроцкий Засгийн газрын энэ байр суурийг Үндсэн хуулийн байгууллагыг хүчээр эзлэх гэсэн оролдлого гэж буруутгасан. Ингэснээр нэг улсад хууль ёсны хоёр өөр байр суурь орших болов. Одоогийн Үндсэн хуулийн шүүхийн удирдлагыг хууль бус сонгон шалгаруулалтын үр үнд бий болсон гэж үзэх хүн цөөнгүй. Польшийн хямралын томоохон сургамж чухам эндээс үүдэлтэй. Польш бол Европын Холбоо хийгээд НАТО-гийн гишүүн, Төв Европын аюулгүй байдал, улс төрийн тэнцвэрт чухал байр суурь эзэлдэг улс. Тиймээс эдний Үндсэн хуулийн хямрал нь Европын ардчилсан институцуудын тогтвортой байдал, Европын Холбооны хууль дээдлэх зарчмын хэрэгжилтэд нөлөөлөх ач холбогдолтой юм.
Парист болсон жагсаалд оролцсон 34 настай Луи “Амьжиргааны өртөг өсөж, төрийн үйлчилгээ хүн амын зарим бүлэгт хүрэхгүй, түлшний үнэ өссөн, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарын санхүүгийн байдал дутмаг гээд тавих шаардлага бидэнд олон бий” хэмээн сэтгүүлчид ярьсан байна. Франц даяар 400 орчим хүн баривчлагдсан гэх урьдчилсан мэдээлэл бий. Тулуз, Лион, Марсельд болсон мөргөлдөөний үеэр 500 гаруй хүн баривчилсан гэх мэдээлэл ч бас байна.
Германд эсэргүүцэл, тэмцлийн явцад цагдаа нар хийгээд жагсагчдын хооронд хэд хэдэн хотод мөргөлдөөн гарав. Дээрэм, тонуул ч газар авч. Олон дэлгүүрийн тавилга, эд хогшлыг эвдэж, барааг нь зөөсний дотор зэвсгийн дэлгүүр ч орсон байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудад ч халдсан аж. Түүгээр ч барахгүй оюутны “Gen Z revelt studis” байгууллагынхан Европын эсэргүүцэлтэй тэмцлээ нэгтгэж, энэ сарын 20-нд дээд сургуулиудад олныг хамарсан бослого дэгдээхээ мэдэгдээд байна. Тэмцэгчид ХБНГУ-ын Канцлер, Христосын ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерцийг огцрохыг шаардаж буй юм. Анхааруулга өгсөн урьдчилсан тэмцэлд Германы 400 мянга гаруй ажилчин хамрагдсаныг хэвлэлүүд нь мэдээллээ. Ганц Audi заводад л гэхэд 6.5 мянган хүн ажил хаяж, цалингаа нэмэхийг, үйлдвэртээ оруулах хөрөнгөө нэмэгдүүлэхийг шаардсан байна. Сүүлийн үеийн мэдээнээс үзвэл Германд болсон эсэргүүцэл тэмцэл, тэдгээрээс үүдсэн хохирлын хариуцлагыг “зүүний үзэлт бүлэг”-үүд, цагаачдын дундаас гарч ирж буй дэггүй хүмүүс хариуцах ёстой” гэж Дотоод хэргийн сайд Александр Добриндт мэдэгджээ.
Парламентын сонгуульд “Оюутны нэрсийн жагсаалт” ялснаас хойш Сербид байдал нэлээд төвөгтэй болж байна. Энэ нь ээлжит бус сонгууль байв. Тэгвэл оюутнуудын үүсгэсэн тэмцэл Парламентын ээлжит бус сонгуулийн хажуугаар одоогийн эрх мэдлийг өөр гарт шилжүүлэхэд ч хүргэж болзошгүй байдал бий болголоо. Эрх барьж буй Александр Вучичийн Сербийн дэвшилт нам Москватай сайн харилцаатай байдаг бөгөөд 14 жил төр тэргүүлж буй юм. Прокурорын байгуулага ч сонгууль луйвардсан, авлига, албан тушаалын байдлаа ашигласан гэх сэжгээр өндөр алба хашиж байсан хэд хэдэн хүнийг мөрдөн шалгаж эхэлжээ. Тухайлбал, “Аcta” банкны эзэн Давор Мацураг хадгаламж руу хууль бусаар нэвтэрч, 383 сая орчим евро авсан хэмээн үзэж баривчилсан байна. Александр Вучич огцрохоо мэдэгдэв.
Европт байдал мөд намжих төлөвгүй. Энэ өвөлжин үргэлжилж ч болзошгүй.
Р.Жаргалант