УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа.
Уг тогтоолын төсөлд Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, холбогдох түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх, улмаар Их эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, түүх, археологи, угсаатны зүйн судалгааг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс оронд хадгалж буй эх сурвалжийг олж тогтоох, тэдгээрийн хуулбарыг татаж авах, түүхийн сан хөмрөгт бүртгэж, шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Мөн Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн бараа, бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулж, төвлөрүүлсэн хөрөнгөөр түүх, соёлыг сурталчлан таниулах үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай санал боловсруулах, төрт ёсны өв, үүсэл хөгжил болон тэдгээртэй холбоотой ном, түүх, археологи, угсаатны зүйн судалгаа, бүтээл, кино урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгасан байна. Түүнчлэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоон”, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, парламентад өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.