Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар бага хурал өнгөрсөн бямба гарагт болж, намын даргыг шинээр сонгох болон бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Х.Нямбаатар хуралдаанд цахимаар оролцож, шинээр томилогдон ажиллах удирдлагын багт амжилт хүссэн бол төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар хотын дарга Б.Пүрэвдагвыг түүний хашиж байсан албан тушаалд сонгов.
36 дугаар бага хуралд нийслэлийн намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлөн 489 хүн оролцлоо. Мөн УИХ-ын 18, Засгийн газрын долоон гишүүн, НИТХ-ын 40 төлөөлөгч сонгогдон оролцсон байна. Бага хурлын төлөөлөгчид намын хорооны даргын тайлан болон цаашдын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, санал хэллээ.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулав. “Зөвшилцөл, ойлголцол, итгэлцэл бол бидний арга барил, хамтын ажиллагааны баримтлах гол зарчим” гэж мэдэгдсэн тэрбээр нийслэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийг онцлог, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан хөгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Н.Мишээл