“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаал хашиж байсан Н.Цэрэнсамбууг яллагдагчаар тооцон нэг сар цагдан хорих захирамжийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх гаргажээ. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас ирүүлснийг өнгөрсөн сарын 30-нд хэлэлцээд уг захирамжийг гаргасан гэнэ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан аж.
Өдгөө “Гашуунсухайт авто зам” ХХК-ийг удирдаж буй Н.Цэрэнсамбууг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулан суллаад байсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Цэрэнсамбууг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан хөрс хуулалтын тендертэй холбоотойгоор албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдуулсан бөгөөд түүнээсээ ашиг олсон, эсэхийг нарийвчлан шалгаж байгаа аж.