Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцэн баталсны нэг нь хотын хоёр хувийн албан татварыг бууруулах байв. Тодруулбал, хотын дарга Б.Пүрэвдагвын өргөн мэдүүлсэн Нийслэлийн албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг төлөөлөгчид ийнхүү дэмжиж баталснаар хоёр хувийн татварыг нэг болгон бууруулж буй юм. Уг шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэв. Инфляц өсөж, эдийн засаг хүндэрсэн эл үед хотын албан татварыг бууруулснаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийн нуруун дахь ачааг хөнгөлөх, бизнесийн орчныг сайжруулах, улмаар иргэдэд ирэх татварын дарамтыг багасгах ач холбогдолтой.
Хотоос хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд албан татвар ногдуулдаг байна. Тэгвэл шинэ оны эхний өдрөөс баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын болон авто засвар, үйлчилгээний татварыг 50 хувиар бууруулна гэсэн үг. Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, согтууруулах ундаанд эдүгээ ногдуулж буй хоёр хувийн албан татвар хэвээр үлдэнэ.
О.Оргилох