УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн задаргаа, төсөл, хөтөлбөрийн үр нөлөө, ач холбогдлын эрэмбийн үнэлгээг олон нийтэд ил тод болгох, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг цахимд нээлттэй байршуулах зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй юм. Тэгвэл иргэн Н.Амаржин энэхүү хуулийн төслийг дахин хэлэлцүүлэх зорилготой нийтийн өргөдлийг “D-Parliament” цахим системд гаргажээ.
Тэрбээр “Сүүлийн 10 жилд улсын төсвийн зардал болон урсгал зарлага даруй 4-4.5 дахин тэлсэн. Улсын төсвийн нийт зарлагын 75-82 хувийг урсгал зардал эзэлж байна. Улсын төсвөөр хөгжлийн хөрөнгө оруулалтуудыг бус, хэрэглээг санхүүжүүлдэг гэсэн үг. Төсвийн задаргааг нийтэд ил тод болгохгүй байгаа нь төрд авлига, хулгай гаарах, үр ашиггүй зарцуулалт нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байна. Гэтэл үүний нөгөө талд татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам бүр хумигдаж дордсоор. Иймд улсын төсвийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээ, хөтөлбөр, урсгал зардлуудын төлөвлөгөөг дэлгэрэнгүй файл хэлбэрээр олон нийтэд ил тод болгохоор Төсвийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байна. Энэ хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай” гэв.
Эл өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын дарга тухайн асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлж, ажлын хэсэг байгуулах, хуулийн төсөл боловсруулах, өргөн барих нөхцөл бүрдэх юм. Өчигдөр 18.20 цагийн байдлаар үүнд 15 300 орчим иргэн гарын үсэг зурсан байв.