79 дэх удаагийн Венецийн кино наадам энэ сарын 1-нд эхэлсэн. Италийн Лидо арал дээр болж буй уг наадам энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу цар тахлын үеэр зөвхөн Венецийн кино наадам л ёслолын үйл ажиллагааны зочдоо биечлэн оролцуулж, бусад нь цахимаар зохион байгуулж байсан юм. Сүүлийн жилүүдэд “La la land”, “Roma”, “Joker”, “Nomadland” гэхчлэн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд өндөр амжилт үзүүлсэн киноны ихэнхийг Венецийн наадмаар анхлан үзэгчдийн хүртээл болгосон байдаг. Тиймээс ч өнөө жил эл наадмын үеэр үзэгчдэд хүргэх кинонуудыг хүмүүс ихэд сонирхож буй. Энэ жил наадмын үеэр “Copenhagen cowboy”, “The kingdom exodus” зэрэг киног үзэгчдэд анхлан хүргэнэ. Наадмын гол шагнал болох “Алтан арслан”-гийн эзнийг тодруулах шүүгчдийн багт жүжигчин Жулианна Мур, Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүро, өнгөрсөн оны “Алтан арслан” шагналын эзэн, найруулагч Аудри Диван зэрэг алдартан багтжээ. Эл шагналын төлөө “All the beauty and the bloodshed”, “Athena”, “Beyond the wall”, “The son” тэргүүтэй 20 орчим уран бүтээл өрсөлдөж байгаа юм.
Бэлтгэсэн А.Тайшир