Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “Paramount pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Карлос Луго, “Netflix”-ийн Cонли Ли, “Warner bros discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Карри Реган, “HBO mаx, Warner bros”-ийн продакшн хариуцсан менежер Крутин Пател, найруулагч Питер Себастиан, “Living films”-ийн туслах найруулагч Апинат Ширикароэнжит зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн найруулагч, продюсер, удирдлага манай улсад ирээд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний төлөөллийг хүлээн авч уулзаж, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Дэлхийн томоохон кино компаниуд Монголд зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа тэрбээр хэлэв. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн, эдийн засгийн олон тулгууртай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал бодлогын нэг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 онд баталж, энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлснээр улс орнууд, дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломж бүрдсэн. Үүний хүрээнд Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл хамтран “FAM tour-2022” арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, үйл ажиллагааг нь сурталчлах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Мөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх нэгдмэл орчин бүрдүүлэх зорилготой “Оролцъё, төлөөлье” сэдэвт хэлэлцүүлэгт өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан жендерийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах талаарх бодлого болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өнөөгийн байдлыг танилцууллаа.
Ерөнхий сайд “Миний бие Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хороог ахалж байгаагийн хувьд жендерийн тэгш байдлыг агуулгын хувьд, суурь асуудлуудыг нь шийдэх чиглэлээр, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжиж ажиллана. Үүнийг нэг тод жишээ бол танхимдаа эмэгтэй сайд нарын тоог урьд байгаагүйгээр нэмэгдүүлэхийг хичээсэн. Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь маш чухал. Зөвхөн тооны асуудал биш. Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байсан Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилсон явдал ч тохиолдлын хэрэг биш. Энэ нь мэдлэг боловсролтой залуучууд орон нутагт ажиллаж болдог, эмэгтэй хүн орон нутгийг удирдаж чадна гэдгийг харуулах давхар зорилготой” хэмээн тодотголоо. Түүнчлэн эрчүүдийн асуудалд анхаарах цаг болсныг ч хөндсөн юм. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 9-10 жилээр богино байна. Эцэст нь, жендер гэдэг нь зөвхөн хүйс, улс төрийн оролцооны талаарх ойлголт төдий асуудал биш. Энэ бол нийгмийн зөрчлийг багасгах, тэгш бус байдлыг арилгахад онцгой ач холбогдолтой. Тиймээс жендерийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал болохыг Засгийн газрын тэргүүн онцолсон юм.