Олон улсын долоон наадмаас шагнал хүртээд буй “Трио” киноны Монгол дахь нээлт энэ сарын 24-нд боллоо. Хүн ба байгаль, дауны хам шинж, буддын шашин гэсэн гурван сэдвийг уялдуулан харуулсан уг киног Д.Баттөмөр найруулсан бөгөөд түүний анхны бүтээл юм. Тэрбээр хуульч О.Алтангэрэлтэй хамтран тус киноны зохиолыг бичиж, зургийг нь 2020 оноос авч эхэлсэн байна. Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн сурагч Т.Тэлмүүн болон жүжигчин Д.Баттөмөр нар тогложээ. “Трио” нь дауны хам шинжтэй хүүхэд, даунтай иргэний дүрийг гаргаснаараа Монголд анхдагчид тооцогдож буй юм. Төрийн шагналт З.Хангал агсны “Бодол” аязыг киноны дуу болгосон бөгөөд Гавьяат жүжигчин С.Жавхлан дуулжээ. Эл бүтээл өнгөрсөн оны есдүгээр сард Тайландын олон улсын наадмаас анхны шагналаа хүртсэн билээ. Улмаар АНУ-ын Палм Спрингсийн дауны олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач”, “Улаанбаатар” олон улсын наадмаас “Шилдэг продюсер” төрөлд шагнал хүртсэн. Мөн Варшавын олон улсын наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны, Таллины, Канадын Монреалийн, Египетийн “Art unites” наадмаас тустусшагнал аваад байна.
Бэлтгэсэн М.Оч